Цар тахлын сорилттой нүүр тулсан хоёр жилд Монголын төр хэрхэн ажилласныг хүний эрхийн байгууллагууд дүгнээд эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар дэлхийн хэмжээнд 456 сая хүн коронавируст халдвар авч, 6.05 сая хүн нас барсан бол манай улсад 940.997 хүн вирусээр халдварлаж, 2105 хүн нас баржээ. Харин ХЭҮК-оос парламентад өргөн барьсан ээлжит илтгэлдээ Монголын төр цар тахлаар далимдуулж хүний эрхийг хэрхэн зөрчиж байсныг баримт, кейсээр харууллаа.
Комиссоос цар тахлын эмчилгээ, үйлчилгээний талаарх стратеги, заавар, түр журамд өвчтөний нэр төр, хувийн байдлыг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зохицуулалт тусгагдаагүй.Тэр дундаа эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд хүний нэр төр, хүний эрхийг хүндэтгэх сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил дутагдалтай нь цар тахлын үеэр илтэд ажиглагдсан гэж дүгнэв. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үр дүнг эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж, арга барилыг сайжруулж гаргасан үр дүнг биш, нас баралтын тоо зэрэг шууд үр дүнг тооцох байдлаар дүгнэдэг нь хүний эрх зөрчигдөх шалтгаан болж байна.
Засгийн газар онцгой хүчин чармайлт гаргаж, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг шуурхай явуулснаараа хүн амын дунд гарч болзошгүй нас баралтыг бууруулж чадсан.
Гэвч дархлаажуулалттай холбоотой хүний эрхийн анхаарах асуудал, эрсдэл гарч байгааг илтгэж байна. Монгол Улс хоёр жилийн хугацаанд гамшгаас хамгаалах зэргийг дөрвөн удаа ахиулан, бүх нийтийн бэлэн байдал зарлаж, 79 хоног хатуу хөл хорио тогтоосон юм. Ингэхдээ цар тахлаас хүний амь насыг хамгаалах зорилгоор тусгаарлах, хөл хорио тогтоох, халдвараас хамгаалах дэглэм сахиулах, хавьтлыг тогтоох, хүмүүсийн цугларал, бөөгнөрлийг хянах, худал мэдээлэл тархахаас сэргийлэх, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авсан нь халдашгүй чөлөөтэй байх, чөлөөтэй зорчих, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн амьдрал, нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах, сурч боловсрох эрхийг хязгаарласан.
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, журмыг Монгол Улсын олон улсын гэрээ, хуулиар тогтоосон боловч ихэнх тохиолдолд мөрдөгдөөгүйг илтгэлд дурджээ. Өөрөөр хэлбэл, халдвараас хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргээ хүрч болох боломжит түвшнээс доогуур биелүүлсэн. Энэ нь нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муу байгаагаас гадна цар тахлыг даван туулах удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийн зарцуулалт үр ашиг багатай, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг аль болох бууруулах талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүй зэрэг үндсэн шалтгаантай холбоотой гэж дүгнэв.
Нэн ялангуяа халдварын тархалт ихэссэн саруудад эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачаалал хэт ихсэж бухимдах, түгших, сэтгэл гутралд орох зэргээр сэтгэл зүйн байдал нь хямарч, ажил, гэр бүлд нь зөрчил үүсэх, ажлаас халшрах, гэр бүл салах тохиолдлууд цөөнгүй гарсныг тэмдэглэжээ. Цар тахлын үед төрөөс авах арга хэмжээ үр дүнтэй байсан эсэх зэргээр эмч нарын хэлсэн ХЭҮК-ын илтгэлд тусгасан бодит кейсүүдийг хүргэж байна.
Үргэлжлэлийн “Зууны мэдээ” сонин, Polit.mn сайтаас уншина уу?