Жонсоны мэдэгдлийн хариуд үсээ засуулж амжихгүй шүү гэж анхааруулав

ОХУ хэдхэн хоногийн өмнө “Сармат” тив алгасах пуужингаа туршиж дэлхийг шуугиулсан. Энэ мэдээ Английг ихэд цочирдуулсан бололтой, Английн Ерөнхий сайд Борис Жонсон оросуудад цөмийн цохилт өгнө гэж сүрдүүллээ. “Хэрэв Английн эсрэг бөөнөөр хоморголон устгах зэвсэг хэрэглэвэл Лондон цөмийн зэвсгээр хариу цохилт өгөх шийдвэрийг бие даан гаргах болно. Бид тэгж өшөө авахдаа НАТО-гоос асуухгүй, тэдэнтэй зөвшилцөхгүй. Стратегийн ийм чухал асуудалд бид Эвслийн байр суурийг авч хэлэлцэхгүй” гэж Борис Жонсон мэдэгдлээ.
Б.Жонсон түүнчлэн аль болох их зэвсэг Украинд нийлүүлэхийг уриалжээ. Энэ мэдэгдэлд ОХУ-ын “Роскосмос” корпорацийн тэргүүн Дмитрий Рогозин хариулав. “Борис оо, бид “Сармат”-аа харвасан тохиолдолд та нарын хэн нь ч бие биетэйгээ зөвлөлдөж амжихгүй. Тэгээд ч ноён Ерөнхий сайд таны үсийг засах хүн ч үлдэхгүй. Ер нь юугаа ч засах билээ” гэж Д.Рогозин нийгмийн сүлжээгээр дамжуулан Английн ЕС Жонсонд хариу барилаа. Англиас гадна Украины тал бас Оросыг сүрдүүлэв. Украины аюулгүй байдал, батлан хамгаалахын үндэсний зөвлөлийн нарийн бичиг Алексей Данилов “Бид Крымын гүүрийг дэлбэлнэ, одоогоор нөхцөл байдал боломжгүй байна.
Боломж л гарвал бид халдлага үйлдэнэ” гэж мэдэгдлээ. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүлэгч Дмитрий Медведев энэ мэдэгдлийн хариуг дор нь барьж “Украины маанаг нэг дарга Крымын гүүрт цохилт өгнө гэжээ. Хариуд нь ямар байг бид онилохыг тэр ойлгож байгаа хэмээн найдаж байна” хэмээжээ. Харин Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны Дмитрий Песков “Энэ бол террорист халдлага үйлдэхээ ил тодоор зарлаж буй хэрэг.
Үүний төлөө тэр шийтгэл хүлээх ёстой. Гүүр зэрэг манай стратегийн чухал объектууд маш сайн хамгаалалттай” гэжээ. “Нацист дэглэмийг бүрмөсөн няц дарах шаардлагатай болохыг Крымын гүүрийг устгах тэдний энэ төлөвлөгөө нотоллоо. Оросын Зэвсэгт хүчин нөөц боломжоо бүрэн ашиглаагүй байгаа, бүх төрлийн зэвсэглэлээ ч гэсэн. Украины нацистууд сүрдүүлгээ хэрэгжүүлэх гэсэн эхний оролдлогын хариуд халдлагыг гардан гүйцэтгэгчдээс эхлээд шийдвэр гаргасан төв гээд бүгд үнсэн товрог болно шүү” хэмээн Крымын тэргүүн Сергей Аксенов хариу барьжээ.
Д.Гантулга