БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхий дахины аюулгүй байдлыг хангах зорилго бүхий “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” хэмээх шинэ санаачилгыг дэвшүүллээ. Хятадын Хайнань мужийн Боао хотноо пүрэв гарагт буюу энэ сарын 21-ний өдөр эхэлсэн Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр Ши Жиньпин илтгэл тавихдаа уг санаачилгаа танилцуулсан байна.
Ши Жиньпин уг чуулганы нээлтэд цахимаар холбогдон илтгэл тавих үеэрээ “Аюулгүй байдал гэдэг бол хөгжлийн үндэс суурь бөгөөд хүн төрөлхтөн бид салшгүй уялдаа холбоо бүхий аюулгүй байдлын хамтын цогцод аж төрж байна” гэжээ.
“COVID-19” цар тахалтай тэмцэх, эдийн засгийн сэргэлтийг хөхиүлэн дэмжих, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах болон дэлхийн засаглалд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд бүх улс орон гар нийлэн хамтран ажиллах хэрэгтэй буйг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэжээ.
Ялангуяа, их гүрнүүдийн хувьд тэгш байдал, хамтын ажиллагаа болон хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдлэх замаар үлгэрлэж, өөрсдийн статуст тохирсон үйл ажиллагаа явуулах нь чухал гэж тэрбээр хэлсэн байна. Ши Жиньпин Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад зургаа дахь удаагаа илтгэл тавьсан нь энэ бөгөөд Хятад улсын зүгээс дэлхий дахинд дэвшүүлж буй санал санаачилгуудыг тайлбарлахдаа түүний хөнддөг гол сэдэв нь хамтын ажиллагаа болон энх тайван юм.
Азийн эдийн засгийн төлөв байдал, интеграцын үйл явцын талаарх 2022 оны тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засагт Азийн эзлэх хувь 2021 онд 2020 оныхоос 0.2 хувиар нэмэгдэн 47.4 хувь болжээ.
“COVID-19” цар тахлын явц, Орос-Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал, АНУ болон Европын мөнгөний бодлогын зохицуулалт, зарим улс орны өрийн асуудал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ болон Азийн зарим орны улс төрийн дэглэмийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нь 2022 оны дэлхийн эдийн засгийн гүйцэтгэлийг үнэлэхэд ихээхэн нөлөөлөхийг мөн уг тайланд онцлон тэмдэглэсэн байна.
Дэлхийн дахины байдал амаргүй буй энэ үед Азийг дэлхийн энх тайвны хөтөч, дэлхийн эдийн засгийн өсөлт болон олон улсын хамтын ажиллагааны илүү хүчирхэг хөшүүрэг болгоход дэлхий дахины аюулгүй байдлыг хангах зорилго бүхий “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Ши Жиньпин үзэж байна.
Ши Жиньпиний хэлсэнчлэн, Ази тивийнхэн сайн сайхан явбал дэлхий дахин ашиг тусыг нь хүртэх болно.
Тэрбээр Азийн зах зээлийг илүү нээлттэй болгож өргөжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, энэ онд хүчин төгөлдөр болсон “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” хэмээх Ази-Номхон далайн улс орнууд хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр, өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсон Хятад-Лаосын төмөр зам зэрэг гэрээ хэлэлцээрүүд, бүтээн байгуулалтаас гарч буй боломжуудыг ашиглахыг улс орнуудад уриалсан байна.
Бүх улс орныг “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-даа нэгдэхийг Хятад улс урьж байна.
Хятад улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийхдээ “Бүс нутгийн аюулгүй байдлын халуун цэгүүд улам бүр хурцдаж, Европын аюулгүй байдлын асуудал дэлхий дахины анхаарлыг татаж байгаа энэ үед дэлхий нийт өнөөдөр амар амгалан, тайван байх боломжгүй байна. Олон талт үзлийг эсэргүүцэх хандлага, их гүрний дээрэнгүй үзэл болон эрх мэдлийн төлөөх улстөржилт улам бүр газар авч, энх тайван, аюулгүй байдал, итгэлцэл болон засаглалын хомсдол нэмэгдэж байгаа энэ үед хүн төрөлхтний аюулгүй байдлыг хангах нь амаргүй асуудал болоод байна” гэжээ.
Нөхцөл байдал ийм байгаа учир Ши Жиньпин дарга “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэвшүүллээ гэж Ван Вэньбин хэлжээ.
Энэхүү санаачилгын хүрээнд нийтлэг алсын хараа, иж бүрэн, үр өгөөжтэй бөгөөд тогтвортой аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан уялдаа холбоо бүхий буюу салгаж болшгүй аюулгүй байдлын зарчим зэрэг зургаан чиглэлээр улс орнууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргах ажээ.
Жинхэнэ олон талт үзэл бүхий уг санаачилга нь бүх улс оронд нээлттэй гэж Ван Вэньбин хэлээд, Хятад улс энэхүү том санаачилгыг дэвшүүлсэн орны хувьд үүнийг хэрэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ ажиллах болно гэсэн байна.