Цалингийн шатлалтай холбоотой асуудал дээр маргаантай зүйл нэлээн бий. Тэгвэл энэ асуудалтай холбоотой төсвийн тодотголоор шийдвэхээр оруулж ирсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичсэн байна. Тэрбээр ” “ТҮ 1-3-ААР ЦАЛИНЖДАГ АЖИЛЛАГСДЫГ ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХЭЭ БОЛИНО” Төрийн үйлчилгээний ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг ажиллагсадыг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай шийдвэр гарч олон хүнийг бухимдуулсан. Энэ нь Ковидын хүнд үед цагаа олоогүй шийдвэр байв.
Тойргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллагын ажиллагсад болон ҮЭ-ийн байгууллагуудаас уг шийдвэрийг буцаах санал ирснийг Засгийн газарт хүргүүлж, уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй царцааж, буцаах шаардлагыг хэсэг гишүүдийн хамт тавьж ажилласан билээ.
Үүний үр дүнд Засгийн газраас уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэж ТҮ 1-3-ынхныг хувийн хэвшилд шилжүүлэхийг больж, 2022 оны 1-р сарын 1-нээс орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг Засгийн газар гарган Төсвийн тодотголоор шийдвэрлүүлэхээр оруулж ирсэн байна. Мөн ТҮ 1-3-аар цалинждаг төрийн албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Б.Ирээдүй