УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийг хот, хөдөөгөөр нь ялгаагүй. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 72693 хүүхдийн 38 мянга нь хотод, 34 мянга нь хөдөө байна. 34 мянган хүүхдийн 20 мянга нь малчдын хүүхэд. Хувилбарт сургалтаар цэцэрлэгийн боловсрол авдаг гэсэн үг. Энэ удаагийн авч байгаа арга хэмжээ нь хамран сургах тойрог дээр цэцэрлэгийн багтаамжийг 100 хувь ашиглахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье гэж байгаа юм.
Гэхдээ хүүхэд чинь хоёр настай бол дансанд чинь мөнгө хийнэ гэсэн үг биш. Эхлээд хамран сургах тойрогт байгаа төрийн цэцэрлэгийг санал болгоно. Багтаамж нь байхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгоно. Гуравдугаарт, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ. Дөрөвдүгээрт, байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ. Багтаамж нь байгаад тухайн цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй байгаа эцэг эхчүүдэд хувьсах зардлыг нь өгөхгүй. Энэ бол халамж биш. Асуудал зөвхөн хоёр настнууд дээр л байгаа. 3-5 настнуудын цэцэрлэгт хамрагдалт 80 хувьтай байгаа” гэлээ.