Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 490 км-т, Халхгол сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т хээрийн түймэр гарчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж түймрийг цурманд оруулсан байна. Түүнчлэн хүч нэмэгдүүлэн Үндэсний аврах бригадын алба хаагчид ажилласан юм. Түймрийг унтраахад өвсний өндөр дунджаар 70-80 см орчим, салхины дундаж хурд 12-16 м/секунд байсан нь саад бэрхшээл болсон аж.
Иймд иргэд та бүхнийг ил гал гаргахгүй байх, татсан тамхины ишийг бүрэн унтраахыг ОБЕГ-аас анхаарууллаа.