Баянзүрх дүүргийн IV хорооны Засаг дарга Б.Бадамгаравын Улстөрч.мн цахим сайтад өгсөн ярилцлага олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар тус хорооны дарга Б.Бадамгаравтай ярилцлаа.
-Та ажлаа хүлээлгээд өгчихсөн юм уу?
-Өчигдөр (дөрөвдүгээр сарын 20-ны өдөр) өгчихсөн.
-Яагаад таныг ажлаас чөлөөлөв?
-Чөлөөлөөгүй. Шийд нь арай гараагүй байгаа. Би өөрөө ёс зүйгүй үйлдэл хийсэндээ гэмшиж, халагдах өргөдлөө өгсөн.
-Тухайн сайт ёс зүйтэй байсан юм уу?
-Би төрийн ажлыг анх удаа хийж үзлээ. Хороон даргын ажлыг хийгээд нэг жил л болж байна. Анх удаа ярилцлага авъя гээд ороод ирэхээр нь үнэхээр сандарсан. “Сандраад байна” гэж үнэнээ хэлээд камераа унтрааж байгаач, яриагаа жаахан цэгцлээд сандралаа дараадахъя гэж гуйсан. Нийгмийн халамжийн дарга, мэргэжилтэнтэйгээ хамтдаа цэгцтэй мэдээлэл өгье гэж хэлсэн. Зураглаач нь камераа унтраачихлаа л гэсэн. Би камераа унтраасан гэж бодоод л хамаагүй ярьсан. Хамаагүй ч юу байх вэ. Бид гурав нэг цаг гаруй ярьж суусан. Би болохгүй бол маргааш хүрээд ирээч. Баримт юмаа цэгцлээд цэгцтэй яриа өгье, гэтэл маргааш өөр ажилтай, одоо л авна гэхээр нь эгч нь бензин тосных нь мөнгийг өгье зардал чирэгдэл гарч байгаа юм чинь.
Тэгээд нэгмөсөн маргааш мэдээллээ авч болох уу гэхэд одоо л авна гээд бүтэн цаг ярьж суусан шүү дээ, уг нь. Тухайн сэтгүүлчтэй Анужин охины талаар бүгдээрээ сарын дараа 20 минутын нэвтрүүлэг бэлдье. Энэ нэвтрүүлэг дээрээ хийсэн ажлуудаа эхнээс нь цэгцтэй ярья гэж хэлсэн юм. Гэтэл 100 мянган төгрөг дээр фокуслаж, авлига авч, хулгай хийсэн хүн шиг бичиж нийтэлсэн нь үнэхээр аймшигтай санагдаж байна. Би чинээндээ тулсан баян цатгаландаа мөнгө өгье гээгүй. Адилхан ажил хийж ар гэрээ авч яваа хүмүүс. Зардал мөнгө гаргаж байгаа учраас түүнийг нь нөхөж өгье гэдэг утгаар л хэлсэн. Гэтэл авлига өгөх гэлээ ухааны юм бичиж нийгэмд ойлгуулсанд, тэрхүү нийтлэлийн доор нь бичсэн сэтгэгдлүүдэд үнэхээр цочирдсон.
-Яагаад тэр хэсгийг тасалж аваад нийгмийн сүлжээгээр цацаж байгаа юм бол оо?
-Би тэр үед үнэхээр камер нь унтарсан гэж бодсон. Түүнчлэн авах ёстой мэдээллийг нь дахиад би бүтэн цаг ярьж суусан шүү дээ. Гэвч зөвхөн сандарч, тэвдсэн хэсгийг тасдаад тавьсанд үнэхээр гайхаж байна. Би уг нь хэрэг хийгээгүй, хүн алсангүй, ажлаа л хийгээд сууж байсан.
-Тэр бичлэгнээс болж та ажлаа өгөв үү?
-Тийм ээ. Анужин гэж бүтэн өнчин охин манай хороонд байдаг. Ээж, аав хоёр нь ковидын улмаас 14 хоногийн зайтай нас барчихсан. Хоёр дүүтэй, өөрөө гурван сартай нэг хүүхэдтэй.
-Ах дүү, хамаатан садан нь байдаг юм болов уу?
-Эмээ, ээжийнхээ дүү нартай нэг хашаанд амьдардаг. Тэр хэд нь чадахаараа тус болдог. Би ч гэсэн хороон дарга хүнийхээ хувьд байнга холбоотой байж, Цагаан сар, шинэ жил гээд баяр болгоноор бэлэг бэлдэж, дээлийг нь өөрийн хувийн мөнгөөрөө авч өгдөг байсан. Манай хороонд байдаг аж ахуйн нэгж, тусламжийн байгууллагуудаас тусламж хүсч, хэрэгцээтэй бүхий л зүйлд нь чадах чинээгээрээ тусалдаг. Заримдаа түлээ нүүрсгүй байна гэхэд нь өөрөө гүйж очоод авч өгнө, хүүхдэд нь живх, сүү гээд өөрөөсөө ч илүүчлээд энэ хэдийгээ сайн хүн болгочих юмсан гээд өвөлжин маш их хичээж ажилласан.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН-ООС уншина уу.