Ардчилсан нам хэзээ ч эвлэрэхгүй болтлоо эвдэрчихжээ. Яг өнөөдрийн байдлаар Ардчилсан нам С.Эрдэнийн талыг баримтлагч, Х.Баттулгын талыг баримтлагч гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, нэгнээ үгүйсгэсээр байна. Харин тэдний энэхүү төгсгөлгүй маргаан олон нийтийг залхааж, АН-ыг улстөрийн тавцангаас нэг мөсөн арчигдах хэмжээнд хүргэж бололтой гэх таамаг хэтрүүлсэн хэлсдүүлэлт болохгүй биз. Тиймээс төдийгөөс өдий хүртэл өөрсдийгөө хүчтэй сөрөг хүчин хэмээн тодотгодог, тодорхой цаг хугацаанд төрийн эрх барьж байсан хүчтэй сөрөг хүчний хувьд АН-ынхан дотооддоо амбицаа дарж, ашиг сонирхолоосоо хойш суугаасай билээ. Амин хувийн болон бүлэглэлийн эрх ашгаасаа хойш сууж чадсан нь л жинхэнэ ардчилагч, эх оронч байх болов уу.
Ардчилсан намаар овоглодог төрийн албан тушаал хашиж байсан Д.Нямхүү өнөөдөр С.Эрдэнийн талынхны үйл ажиллагааг үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ. АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Нямхүү “С.Эрдэнийн хуралдуулсан ҮБХ-ны хурал хүчин төгөлдөр бус. Оролцох ёстой ҮБХ-ны гишүүд нь биш хуурамчаар ирц бүрдүүлсэн хурал болсон” гэв. Мөн “Өнөөдөр бид Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэмт хэргийн шинжтэй гомдол гаргаж байгаа бөгөөд шалгаж өгөхийг хүсч байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр 2022.04.16-ны өдөр С.Эрдэнэ, Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр нар АН-ын ҮБХ-ны хурлыг зарлан зохион байгуулж Корпрейт Конвейншн центрт хуралдсан байгаа.
Уг хуралд оролцох ёстой хүмүүс нь оролцоогүй хуурамч хурал болсон байна гэдгийг тогтоосны үндсэн дээр цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. АН-ын ҮБХ нийт 389 гишүүнтэй үүний 380 нь их хурлын 76 тойргийн 1 тойргоос 5 хүн сонгогдохоор зохион байгуулсан. Үүнээс 380 хүн сонгогдож гарч ирдэг бөгөөд намын дэргэдэх байгууллагуудын удирдлага, бусад удирдлагууд гэсэн 9 хүн нэмэгдэж нийтдээ 389 гишүүн болдог. Уг ҮБХ хүчин төгөлдөр гэдэг нь 2021 оны УДШ-ийн 38-р тогтоолоор баталгаажсан бөгөөд энэхүү хүчин төгөлдөр байгууллага хуралдахаар бол нийт гишүүдийн гуравны нэг гишүүд нь гарын үсэг зурж баталгаажсаны үндсэн дээр хуралдах ёстой.
С.Эрдэнэ ҮБХ-г хуралдуулсан гэж зарласан ч нийт ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь хуралд оролцоогүй гээд албан ёсоор гарын үсгээ зурчихсан байгаа. Энэ ҮБХ-ны хуралд хэн оролцсон бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ингэчихээд ҮБХ-г хуралдуулсан гэж хуурамч ирц, цаас бүрдүүлэн УДШ-д өгч олон түмнийг үймүүлээд АН хурал хийсэн мэтээр зарлаад яваад байгаа юм. Гэтэл 2022.04.07-ны өдрийн АН-ын Их хурлаар хэлэлцэх асуудлаа дуусгалгүйгээр нээлттэй орхисон бөгөөд хурал нь нээлттэй байгаа үед ҮБХ хуралдах эрх хууль, дүрмийн хүрээнд байхгүй. Улс төрийн намын тухай хуулиар болон АН-ын үндсэн дүрмээр Их хурал нь чөлөөт цагт л ҮБХ хуралдах эрхтэй байдаг. Их хурал нь нээллтэй байгаа үед ҮБХ хуралдах эрх байхгүй. Тиймд энэ нь хуулийн хүрээнд ч тэр хүчин төгөлдөр биш юм.
Өмнө нь хорио цээрийн үед хэн оролцож байгаа нь мэдэгдэхгүй хуурамч ирц бүрдүүлээд, хоосон цаас тараагаад, ямар замаар хийлгэсэн нь мэдэгдэхгүй АН-ын тамгыг шинээр хийлгэж аваад сүүлийн 2 жилийн турш үйлмүүлж байна. Нөгөө талаасаа УДШ асар буруутай. УДШ улс төрийн намуудыг бүртгэж авахдаа 801 гишүүнтэй эсэхийг регистрийн дугаар, бусад намд элссэн байдал, гэрийн хаягийг тулгаж шалгадаг. Гэтэл С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Ардчилсан нам нэртэйгээр бичиг баримт/дүрмийн өөрчлөлт/бүртгүүлэхээр өгч байхад яагаад УДШ хянан шалгахгүй байна вэ гэдэг асуудал гарч байна.
УДШ 38-р тогтоолоороо АН-ын ҮБХ-г хүчин төгөлдөр гэж үзчихээд гишүүд нь оролцоогүй байхад дүрмийн өөрчлөлт хийсэн баримт бичгийг хүлээж авч байна гэдэг нь зориудаар нийгмийг үймүүлж байгаа хэрэг гэж үзэж байна. Нөгөө талаас нам хэрэггүй, хоёр нам аль нь ч ялгаагүй гэдэг ч МУ-ын Үндсэн хуулиар зөвхөн намаар дамжиж МУ-ын төрийн байгууллага бүрддэг, зөвхөн намаар дамжиж ард түмэн төрөө удирдах тогтолцоотой. Тэгэхээр муу ч сайн ч энэ нам бол нийгмийн гол тулгуур мөн. Тиймд үүнийг үймүүлж бусниулж байгаа нь Дээд шүүх нийгмээ тогтворгүй байлгахаар оролдож байна.
УДШ маш ноцтойгоор хууль зөрчиж нийгмийг талцан хуваагдуулах үйл ажиллагаанд оролцож байна. Энэ өгч байгаа бичгээр АН гэгдэж бүтэн 2 жилийн хугацаанд хаанаас ямар бичиг баримт бүрдүүлж, нийгмийг, УДШ-тэй нь төртэй нь хуваагдуулж, хуурч байгааг шалгаж тодорхой болгох байх. Хуралд хэн гээч хүмүүсийг оролцуулсныг нь тодорхой болгох байх.
Бид цахимаар болон танхимаар хуралд оролцсон хүмүүсийн зургийг нь харсан. ҮБХ-ны гишүүн биш Баянгол дүүргийн хэсгийн ахлагчид, иргэд, намын гишүүд, С.Эрдэнийн намд явж байгаа хуучин ямар нэг албан тушаалтай хүмүүсийн хамаатан садан, холбоо хамаарал бүхий хүмүүс байна.” хэмээв.
Б.Ирээдүй