Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 44 дэх өдрөө үргэлжилж байна.
Аян эхэлснээс хойш нийт 536 мянган иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагджээ. Тухайлбал өчигдөр /2022.04.19/ 23 мянган иргэн 283 спорт заал, 46 фитнесс, 84 гадаа талбай, 46 клуб, 205 чийрэгжүүлэх танхим, 60 соёлын төв, найман усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн байна.
Мөн Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд усан бассейнаа 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгожээ.
Улсын хэмжээнд 283 спорт заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон бөгөөд Хөвсгөл аймгийн иргэд энэ өдөр хамгийн идэвхтэй байлаа. Тус аймгийн 3216 иргэн өнөөдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд хамрагдсан байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо