З.Санждорж: Мөнгөтэй, эрх дархтай хүмүүс хотод газар байхгүй болохоор бурхан бологчдынхоо газрыг дээрэмддэг байж болохгүй

2022-04-18 15:57
sam
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан, зурхайч З.Санждорж нар Самбалхүндэвийн буюу "70 давхрын" оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгож буйтай асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2022.04.18/ мэдээлэл хийлээ.

Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан, зурхайч З.Санждорж нар Самбалхүндэвийн буюу “70 давхрын” оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгож буйтай асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2022.04.18/ мэдээлэл хийлээ.

З.Санждорж “Бурхан болоочоо хэрхэн хөдөөлүүлэх талаар 10 үзүүлэлт байсан юм билээ. Тэр хүний жил, суудал, мэнгэ, гараг, газар орон, төрөл зүйл, тодорхой өвчин, сар, эрхтэн, махбодь, цогцос гэсэн 10 шалгуураар хэрхэн хөдөөлүүлэхээ шийддэг. Зүгээр нэг аж ахуйн албаны дарга ирээд, захирамж гаргаад болчихдоггүй. Одоо гэтэл “70 давхар” дахь шарилуудыг бүгдийг нь чандарлана гэж яриад байна. Ингэж болохгүй. Судар номонд чандарлаж болохгүй 40 цогцос, Баглаж хайрцаглаж үл болох 29, бүтээж үл болох 32,усанд хөвүүлж үл болох 33 гэх мэт. Би үүнийг эсэргүүцэж байгаа. Ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Тэр газрыг ахин ухалгүйгээр мод тарья. Бүх нийтийн санал тийм л байна. Юуг нь ч хөндөлгүйгээр зүгээр мод тарьчих л даа. Тэнд одоо ширхэг зулын цөгц ч байхгүй. Бүх төмрийг нь аваад зарчихсан.Та нар очоод үзээрэй. Бодлогоор зөвхөн төмрийг нь тоносон байна. Тодорхой мэдээлэлтэй ойр хүмүүс очоод, хамгийн үнэ цэнэтэй, дотроо алт, мөнгө хийсэн шарилуудыг зориуд ухсан байна. Зохион байгуулалттайгаар нэг хоёрыг нь тонож, муухай харагдуулж дараагийн зорилгодоо хүрэх гэж байна. Энэ бол газрын дээрэм хийх зохион байгуулалттай гэмт хэрэг. Газрын наймаа гэдэг нь маш тодорхой байгаа.

Миний санал бол нэгдүгээрт, захирагчийн ажлын албаны дэргэд мэргэжлийн зурхайч ажиллуул. Тэгэхгүй бол энэ захирагчийн албаныхан уламжлалаа мэдэхгүй байна. Хоёрдугаарт, Самбалхүндэв буюу 70 давхар гэх бурхан болоочийг хөдөөлүүлэх газарт бүхэлд нь мод тарих. Ар гэрийнхэн нь нэг, нэг мод тарихад тэр чигээрээ ой болно. Түүнээс биш тэр газрыг ухаж яах гээд байгаа юм бэ? Ерөнхийлөгчийн уриалгаар нэг л их мод тарих гэсэн хүмүүс. Энэ бол “Өлзийт цэцэрлэг” гээд нэртэй газар шүү. Тэр газар чинь эзэнтэй. Эзэнгүй биш, та нарт харагдахгүй байгаа юм шиг байна. Маш сайхан газар. Үүнийг мэдчихээд хувийн компани шунаад байна шүү дээ.

Мөнгөтэй, эрх дархтай хүмүүс нь хотын газрыг бүгдийг нь авч дуусчхаад, хотод газар байхгүй болохоор бурхан болоочдынхоо газрыг дээрэмддэг байж болохгүй” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт бурхан болоочдыг дурсан хүндэтгэх иж бүрэн тохижилт, барилга, байгууламж бүхий Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2024 он хүртэл дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Нийт 10 га газрыг хамарсан цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулах юм.