Өчигдөр /2022.04.17 / орой 19:00 цагийн орчимд төв талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар бид мэдээлж байсан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Төв талбайд өчигдөр буюу бүтэн сайн өдөр 19 цаг 35 минут орчимд нэг хүн өөрийгөө шатаачихлаа” гэх дуудлага ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч 24 настай О гэгч иргэн байсан. Одоогоор тус иргэн ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Амиа егүүтгэхийг завдсан иргэн шатахуун биш шатамхай бодис ашигласан. Урьдчилсан байдлаар шатамхай бодисыг захаас авсан байж болзошгүй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй Мөн цагдаагийн алба хаагч 13 настай охины биед халдаж 24 цагийн турш гавлаж, мэдүүлэг авсан гэх мэдээлэл гарсан. Тус мэдээллийн дагуу Ховд аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга болон аймгийн орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаж байна. Надад өгсөн мэдээллээр одоогоор хүүхдийн эцэг эхтэй уулзсан. Хэргийн талаар өөр зарим мэдээлэл ирж байна. Тодруулбал, аймгийн цагдаагийн дэд даргын өгсөн мэдээллээр 24 цагийн турш хэсгийн төлөөлөгчийн байранд байлгаагүй, харанхуй өрөөнд байлгаагүй гэх мэдээллийг хэллээ. Гэхдээ одоогоор газар дээр нь аймгийн орлогч прокуророор ахлуулсан мөрдөн байцаах тасгын дарга, АТГ-ын бүс хариуцсан комиссар нутаг дэвсгэр дээр ажиллаж байна. Тэгэхээр үүнд хэрэв цагдаагийн албан хаагчийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байвал зохих журмын дагуу хариуцлага оногдуулах болно” гэлээ.