Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой.
Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг 4 дүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.
Монгол хэлбичгийн шалгалт
1 хэсэг нь тус бүр 2 оноо бүхий 10 асуултаас бүрдэх даалгавар
2 хэсэг тус бүр 5 оноо бүхий зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар шалгасан задгай даалгавар
3 хэсэг нь “Миний томоогүй үе” сэдвээр 200-250 үгтэй эссе бичих даалгавар байв.
Шалгуулагч нийт 50 оноо авах ёстой. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо даваагүй 5 мянган шалгуулагч байна. Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол 2022.05.07-нд дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар 04 дүгээр сарын 20-ныг хүртэл явагдана.