Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой тавих төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан. Үр өгөөжтэй, Монгол Улсад ашигтай хэмээн сурталдсан энэхүү хийн хоолойн төсөл яг үнэндээ Оросууд хямд зарлаар хийгээ хятадуудад өндөр өртгөөр зарах ажил төдий зүйл юм. Харамсалтай нь ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл хэрэгжих болсонд манай дарга нар магнайгаа хагартал баярлаж, хөл нь газар хүрэхгүй гүйж явна.
Энэ төсөл хэрэгжсэнээр Монголын газар нутгийг чанх дундуур нь хуваасан хэсэг 960 км урт газар нутаг Оросын мэдэлд дам утгаар очих бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг тээвэрлэж ОХУ-ын тал ашиг хийнэ. Манай улс Тэрбум мод үндэсний хөдөлгөөн гээчийг өрнүүлж, төсөв мөнгөө барж суухад “Газпром” хийн хоолой тавихын тулд ойн талбайг огтлох шаардлагатай болно. Мөн дээрээс нь метан алдагдаж, тухайн бүс нутгийн байгаль орчинд аюул учруулах өндөр эрсдэлтэйг хэлж байгаа юм.
ОХУ-ын Үндэсний эрчим хүчний хүрээлэн “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутын ашиг тусын талаар тайлбар хийжээ. Шинжээчид “Gazeta.ru”-д өгсөн ярилцлагаас харахад “Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрут анх “Сибирийн хүч-2”-ын маршрут Алтайгаас шууд Хятад руу чиглэлтэй, Монгол зэрэг гуравдагч орнуудыг тойрч гарахаар байсан ч, гэнэт энэ оны эхээр Монголоор дайруулъя хэмээн ах нар ихэд уриалгахан шийдсэн. Төлөвлөгөө ёсоор “Сибирийн хүч-2”-ын барьж байгуулах ажил 2030 он гэхэд дуусна. Харин тээвэрлэх ажил 50, 100 жилээр үргэлжилнэ.
ОХУ-ын байгалийн хийг Хятад руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулснаар “Газпром” жилд 48 тэрбум шоо метр шатахуун нийлүүлэх төлөвлөгөөгөө ойрын 10 жилд 55-60 тэрбум хүртэл нэмэгдүүлэх боломжтой” гэж Кондратьев онцолсон.
“Газпром”-д Монголын гэрээний нөхцөл Хятадынхтай ижил байх эрсдэлтэй гэдгээ ил цагаан хэлж байгаа. Тиймдээ ч манай талаас анхлан тавьсан Байгаль нуурт цутгадаг гол мөрний эх дээр томоохон усан цахилгаан станц барих төслийг шууд няцааж, үндсэндээ өөрсдийхөө эрх ашгийг шууд тулгаж байгаа.
ОХУ-ын Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч Александр Фролов “Улаанбаатарыг шинэ маршрутад оруулсан нь “Газпром”-д олон сая ам.доллар хэмнэх боломж олгож байна хэмээн бахдан хэлсэн бол мэргэжилтнүүд Хятад 2021 онд л гэхэд 370 тэрбум шоо метр хий хэрэглэжээ. Энэ утгаараа Монголд нийлүүлэх хэмжээг тусад нь авч үзэх нь утгагүй. Энэ бол өчүүхэн хэмжээ юм” гэж дүгнэсэн байна.
Хийн хоолойн төслийг гурван улсын хэмжээнд сүр дуулиантай яриад байгаагийн цаана нэг талаас ОХУ ашиг хийх, нөгөө талаас БНХАУ өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангах тухай асуудал л яригдана.
Тухайлбал, эдийн засаг, хүн амаараа дэлхийд тэргүүлж буй БНАХУ жилд ойролцоогоор 370 тэрбум шоо метр хий хэрэглэж байгаагийн 150 орчим тэрбумыг нь импортоор авдаг байна. Цаашдаа Хятадын хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэж 600 тэрбум шоо метрт хүрнэ гэж тооцоолсон. Энэ хэрэглээгээ хангахын тулд Орос, Хятад хоёр гар барьж, харин Монгол тэр дунд ашиглагдаж байгаа гэхэд болно.
Ингэхэд хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж байгаа Монгол Улсын Засгийн газар ямар ашиг, үр өгөөж тооцож байгааг харах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн үр өгөөж яг тийм байна гэсэн эцэслэсэн тооцоо судалгаа олон нийтэд байхгүй байна.
Гэхдээ зарим улсын жишээг ав үзвэл Украин улс 2018 онд Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулсныхаа төлбөрт жилд 3 тэрбум долларын орлого олсон бол Беларусь улс 1,6 тэрбумыг олжээ. Хэрэв манай улс жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэвэл 1 тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой ба цаашдаа 50 тэрбум шоо метрийг дамжуулна гэж тооцвол дээрх тоо өснө гэж үзжээ. Энд анзаарахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол ОХУ-ын эрх ашиг тухайн улсад гүн шингэх тусмаа ямар нөхцөл байдалд ордгийг санах явдал юм. Тухайлбал, жилдээ 3 тэрбум долларын орлого олсон гэгдээд буй Украин өнөөдөр ОХУ-тай дайтаж, олон зуун иргэдийнхээ амь нас, тусгаар тогтнолоороо дэнчин тавьж, эдийн засаг нь үндсэндээ сүйрч байна.
Тэгэхээр хийн хоолойн төсөл, Газпормын төлөвлөгөө бол эхлээд чихэр долоолгоод дараа нь эзэн суух их гүрний бодлогоос өөр юу ч биш гэж таамаглахад хүргэж байна. Тийм учраас манай эрх баригч, шийдвэр гаргагчид “Маргаашийн махнаас өнөөдрийн өөх дээр” гэсэн байдлаар асуудалд хандах бус өөр гарц, шийдлийг эрж хайх шаардлага тулгарч байна.
Эх сурвалж: Niislel.com
5 comments
Олон юм хуцалгүй, дуугүй л тавиулаач! Хятадын мэдэлд орсноос Орос нь дээр ш дээ!
Энэ эргүү монголчууд өөрт нь юм наах өгөх гээд байхад нь учиргүй ухаантай дүр эсгэж хийн хоолойг эсэргүүцэж эхэллээ. Ийм тэнэг мунхаг арчаагүй хувиа хичээсэн монгол угсаатан/ үндэстэн биш шүү.үндэстэн ард түмэн гэдэг эрхэм нэрийг өөр улсууд авч явдаг юм/ мөхөх нь гарцаагүй. Чухам хэзээ вэ гэдэг л байна. Манж үндэстэн яг монголчууд шиг хоорондоо алалцсаар байгаад мөхөж үгүй болсон жишээ байна.
монголыг би байгалийн хийн асар их нөөцтэй гэж сонссон. Гэтэл оросууд нийслэлээр маань дайруулж хийн хоолойгоо тавиад ашиглаж болно гэж байна, Манайхан ямар стратегитэй явдаг юм бол доо. Шийдвэр гаргагчид маань сайн л нягтлаарай
Нэг л их онгон тагшин , өргөн уудам газар нутагтай гэж аархаж сайрхаж, өөрсдөө ашиглаж ч чадахгүй байж байгаад хүний идэш болж дуусахаа мэдэхгүй, Монгол улсын хөгжилд иймэрхүү томоохон бүтээн байгуулалтууд гадны байх хамаагүй хэрэгжүүлэх хэрэгтэй. 1 км өргөнтэй Монгол улсыг хуваах гэж байна гэж шууд утгаар буруу ойлголт өгөхөө болих хэрэгтэй. Тэр шугам чинь газрын дээгүүр тавих газраа тавина, ан амьтан нутгийн иргэдийн нүүдэлдэг газруудад газар доогуур ч явна. Харин тэр хамгаалалтыг хариуцах ажлыг харин Монгол улс нутаг дэвсгэрийн хэмжээндээ өөрсдөө хийх л хэрэгтэй боловуу
Монголын эдийн засгийн бодлого тодорхойлдог нөхдүүд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд нь энэ төслийн монголын талд ашигтай байх бүхий л нөхцөлүүдэд ухаанаа уралдуулах нь мэдээж.