Япон Улс гадаадын 164 улсын иргэдэд тавиад байсан хилийн хязгаарлалтаа сулруулж, аялал жуулчлалын зорилгоос бусад зорилгоор тус улс руу зорчих гадаадын 106 улсын иргэдийг энэ сарын 8-наас эхлэн хүлээн авч эхлэв.
Тус улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдээс хилийн боомтод коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээ авах бөгөөд гадаадын иргэдийн хамрагдсан коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Jonssen” төрлийн вакцины гурван удаагийн тунд хамрагдсан гадаадын иргэний хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.
- “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Jonssen” төрлийн вакцины гурван удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд долоо хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг гадаадын иргэн өөрөө хариуцна. Тусгаарлалтын гурав дахь өдөр гадаадын иргэн өөрийн хүсэлтээр дахин шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой.
Эх сурвалж: ГХЯ-ын Консулын газар