Финланд болон Швед улс ирэх зун НАТО-д элсэж магадгүй тухай Их Британийн “The Times” сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Финланд улс Умард Атлантын гэрээний байгууллагад элсэх хүсэлтээ зургадугаар сард гаргах төлөвтэй байгаа бол дараа нь Швед өгөх гэж байна хэмээн тус сонинд онцолсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Швед, Финландын эрх баригчид НАТО-д элсэх талаар улс дотроо зөвшилцөлд хүрэхэд хамтран ажиллаж байгаа боловч эцсийн шийдвэрийг тус тусдаа бие даан гаргах аж. Швед болон Финланд Умард Атлантын цэргийн холбоонд элсэж магадгүй тухай асуудал энэ сарын 6, 7-нд Брюссельд болсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хамгийн их яригдсан сэдвийн нэг байсан гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдсэн.
Хэрэв Финланд улс НАТО-д элссэн тохиолдолд ОХУ тус цэргийн эвсэлтэй хамгийн урт буюу 1340 км зайд хиллэдэг болно. Финланд-Оросын хил Санкт-Петербург хотоос ердөө 200 км-ийн зайд оршдог.