Таарсан шүдний сойзыг хэрэглэх нь таны амны хөндийн эрүүл байхад маш чухал. Иймд шүдний сойзоо сонгохдоо шүд, салст, шүднийхээ тойрон эдийн байдал, буйлны үрэвсэл зэрэгт тохируулан маш зөөлөн, зөөлөн, дунд, ширүүвтэр, их ширүүн үстэй сойзнуудаас өөрийнхөө амны хөндийн байдалд тохируулан сонгох бөгөөд сойзны толгой 2-2.5 см шүдний өргөнтэй тэнцүү, хүүхдийн сойзны толгойн урт 18-25 мм, өргөн нь 7-9 мл, томчуудын шүдний сойзны толгойн урт 23-30 мм, өргөн нь 7.5-11 мм байвал зохино.
Сойзны эгнээ өргөөшөө 3-аас илүүгүй, хоорондын зай өргөөшөө 1.5-2 мм байвал тохиромжтой. Сойзны үсний орой мохоо мөртлөө, багц үсний толгой конус хэлбэртэй байх нь шүдний ховил, завсрыг цэвэрлэх нь сайн байдаг. Сойзны үс хиймэл материалтай байх нь цэвэрлэхэд ба эрүүл ахуйн талаасаа илүү тохиромжтой. Шүдээ угаахын зэрэгцээ буйл, шүдний тойрон эдэд зөөлөн үстэй сойзоор иллэг хийж байх нь сайн.
Шүдний сойзны эрүүл ахуй: Шүдний сойзыг 3-4 сар дутамд сольж байх хэрэгтэй. Учир нь хуучирсан сойзны үс арзайж сэмэрч таны шүдийг тийм ч сайн угаахад туслахгүй. Амны хөндийд янз бүрийн 100-аад төрлийн микро организм байдаг ба энэ нь шүд угаах үед шүдний сойзонд дамжсанаар сойз нь нян өсөж үржих нэг орчин болдог. Шүдний сойзонд нян үржих хамгийн тохиромжтой орчин нь сойзыг ил, чийглэг газар байлгаснаас болдог.
Та юуг анхаарах хэрэгтэй вэ
1. Сойзыг хамтарч хэрэглэж болохгүй
2. Шүд угаасны дараа шүдний сойзыг урсгал усанд ооны үлдэгдэл, сойзны үсний сэмэрсэн хэсгийг зайлж байх
3. Сойзыг агаар хуурай газар босоо байрлалаар байлгана. Нэг гэр бүлийн хүмүүс ижил биш өөр өөр сойзыг хэрэглэх ба сойзыг тус бүрт нь тавих хэрэгтэй.
Учир нь сойзыг зэрэг нэг газар тавих үед нэг сойзноос нөгөө сойз руу нян дамжих нөхцөл бүрддэг. Иймд хаалттай тусгаарлагдсан сав, эсвэл тусгайд нь дангаар нь байлгах хэрэгтэй.