Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арно Хекмантэй уулзаж, Улаанбаатар хотын дагуул хотуудын талаар санал солилцлоо. Тэрбээр уулзалтын үеэр “Улаанбаатарыг олон төвт хот болгон хөгжүүлэх бөгөөд дагуул хотуудыг эдийн засгийн тусгай бүс болгоход нийслэлийн удирдлагуудын зүгээс анхаарч ажиллаж байгаа. Шинэ дагуул хотуудыг байгуулснаар Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэх, төвлөрлийг сааруулах боломжтой. Үүнд мэдээж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй” хэмээж байв.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын төлөөллүүд шинэ дагуул хотуудын төслийн талаар танилцуулж, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арно Хекманы сонирхсон асуултад хариуллаа. Танилцуулгын дараа Арно Хекман “Шинэ дагуул хотуудын төслийг ач холбогдлоор нь сайтар эрэмбэлсэн байна. Дагуул хотуудыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Үүнээс гадна дагуул хот хоорондын уялдаа холбоо чухал тул энэ тал дээр түлхүү анхаарч ажиллаасай. Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн удирдлагуудтай, НЗДТГ-тай хамтран томоохон төслүүдийг тууштай хэрэгжүүлэх бодлого барьж байгаа” хэмээн онцоллоо.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
1 comment
Хотын төвөөр барилга бариулахаа л болчих. Төвд барилга бариулаад байвал хэн ч наад дагуул хот руу чинь очихгүй.Арай л дэндлээ.