УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Тус хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцжээ.
Хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “төсвийн тодотголыг хийх ёстой” гэж хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, ханш өсөхөд өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн. Үр дүнгүй хөтөлбөр хэрэгжүүлж, их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийсний үр дүн гарч байна. 10 их наядын хөтөлбөр батлахад өмнөх таван их наяд төгрөгийн хөтөлбөрийн үр дүн, алдаа оноог хэлэлцэхийг шаардахад хэлэлцээгүй. Өнөөдөр 10 их наядын хөтөлбөрийн үр дүн, хэнд өгснийг шалгах Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Хөгжлийн банк, ЖДҮ шиг хэдхэн хүн танил талаараа энэ хөтөлбөрийг авсан байж магадгүй юм. Цаашдаа төсвийн тодотголыг хийх ёстой.
Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үнийн өсөлт, инфляц бол цэвэр Загсийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Ковид гарснаас хойш зах зээл рүү маш их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Нийт 5.1 х наядын хөтөлбөр, сүүлд 10 их наяд төгрөгийн эдийн засгийг идэвжүүлэх мөнгө орсон. Эрдэнэтээс хоёр их наяд төгрөг авч цахилгаан дулааны төлбөрт өгсөн. Оюу толгойгоос 1.2 их наяд төгрөгийн татварт ирсэн мөнгийг иргэддээ халамж хэлбэрээр зарцууллаа. 2016 оноос хойш нийтдээ 11 их наяд төгрөгөөр зах зээлд байсан бэлэн мөнгө нэмэгдсэн байна. Эрэлт нийлүүлэлтийн зарчим алдагдсан учраас ханш болон үнийн асуудал яригдаж байна. Тиймээс үнийн асуудалд маш яаралтай арга хэмжээ авах ёстой. Оросууд ханшаа 50 хувь алдаад бодлогын хүүгээ өсгөөд эргээд 40 хувь нөхлөө. Тиймээс бид бодлогын хүүгээ хамгийн багадаа 13 хувьд хүргэх ёстой. Зах зээлээс бэлэн мөнгийг татах хэрэгтэй. Хажуугаар нь Эрдэнэт, Оюу толгойн борлуулалтаас тэрбум гаруй ам.доллар оруулж ирж, ханшийн алдагдлаа хэвийн түвшинд аваачиж чадна. Хоёрт, валют хомсдсон энэ үед гаднаас бонд босгох ажлаа зэрэгцүүлж хийх шаардлагатай байна” гэлээ.