Нийт 89 зорчигчтой, цасанд суусан хоёр автобусны нэгийг татан гаргажээ.
Тодруулбал, өчигдөр шөнө буюу дөрөвдүгээр сарын 11-ний 01:20 цаг Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн “Шар булгийн даваа” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн 2 автобус цасанд суусан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 02:00 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан нийт 89 зорчигчтой, “Юниверс” загварын хоёр автобус цасанд суусан байсан тул ….АРА улсын дугаартай автобусыг татан гаргасан байна.
Харин ….АРХ улсын дугаартай автобусыг татан гаргах боломжгүй тул үлдээсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн замын зарим даваа, гүвээ, нар үзэхгүй сүүдэртэй хэсгүүдэд халтиргаа гулгаа үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор ТЦА-наас 21 аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга удирдлагуудад замынхаа нөхцөл байдлыг үзэж, шалгах, тухайн орон нутгийн холбогдох байгууллагатай хамтран халтиргаа гулгаатай хэсэгт аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлийг өгчээ.