Монгол улсын их сургуульд суралцаж буй оюутнууд болон төгсөгчдийн хүсэлтээр тус их сургуулийн номын сан 1 уншлагын танхимаа 24 цагийн үйлчилгээтэй болгох шийдвэр гаргажээ. МУИС-ийн номын сан нь 400 мянга гаруй хэвлэмэл номын фондтой Монгол улсын үндэсний номын сангийн дараа ордог томоохон байгууллага юм. Тэд мөн төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнууд болон жирийн иргэдэд ажлын өдрүүдээр өглөөний 8:30 аас оройн 21:00 цаг хүртэл тодорхой тооны хүрээнд үйлчилж байна. Харин 24 цагийн уншлагын танхимыг зөвхөн өөрийн сургуулийн оюутнуудад зориулан туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн. Уг номын сан нь Монгол улсаас анх удаагаа соёлын салбарын олон улсын ISO 900:2015 стандартыг нэвтрүүлжээ.
МУИС-ийн Номын сангийн захирал, дэд профессор Г.Цэрэн: “Монгол улсад цар тахлын дотоодын халдвар бүртгэгдэхээс өмнө 24 цагийн үйл ажиллагаатай номын сангийн үйлчилгээг бид анх удаа туршиж байсан. Энэ удаа оюутнуудын хүсэлтээр мөн МУИС-ийн 80 жилийн ой болох гэж байгаатай холбоотой энэ сарын 21 өдрөөс эхлүүлээд зөвхөн ажлын өдрүүдээр 24 цагаар өөрийн сургуулийн оюутнууддаа зориулж үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ үйлчилгээг явуулахад маш их зохицуулалт хийх шаарддаг юм байна. Ингэхийн тулд анги танхим, ажиллах хүчний асуудал гэх мэт олон зохицуулалт хийх шаардлагатай байна. Тийм учраас бид эхний ээлжинд нэн тэргүүнд 100 хүртэлх хүнд үйлчлэх зорилго тавиад 1 давхраа ажлуулж үзсэн. хоног ачаалал өндөртэй бас амжилттайгаар өндөрлөлөө.
Номын санч Ч.Мөнхзул: “Их сургуулийн захиргаанаас шийдвэр гаргаад 24 цаг ажиллах боломж олгоод бид ажиллаж эхэлсэн. Оюутнууд маш идэвхтэй, маш баяртайгаар хүлээж аваад бид тогтмол 24 цагаар ажиллаад эхлээд байна. Хонож байгаа оюутнуудын тоо буурахгүй байгаа. Оюутнуудын идэвхтэй суух цаг нь 21:00-00:00 хүртэл байдаг. Үүнээс хойш зарим оюутнууд гэртээ харьдаг. Үлдсэн хүүхдүүд маань шөнийн 03:00 цаг хүртэл номоо уншиж байгаад бага зэрэг унтаж амардаг. Бид энэ семистрийг дуусталх хугацаанд туршилтын журмаараа ажиллана”
МУИС-ийн 2 дугаар ангийн оюутан Молор: “Олон улсын номын сангуудтай адилхан 24 цагаар сууж хичээллэх боломжтой үйлчилгээг гаргаж байгаад бид маш их баяртай байгаа. Яг одоо бол шалгалтын 7 хоног болж байна. Шалгалтын 7 хоногт гэртээ ганцаараа суухаас илүү номын санд суугаад хичээллэх нь илүү сайн төвлөрөхөд тустай. Манай номын сан хотын төвд сургуультайгаа ойрхон, маш тав тухтай бүх л хэрэгцээтэй зүйл дотроо байдаг болохоор надад маш их таалагддаг” Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг