Монгол Улсаас БНХАУ-д нүүрс экспортлох болсонтой холбоотойгоор нүүрс тээврийн, хүнд даацын автомашины Хятад, Монгол жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх, ядаргаанаас сэргийлдэг гэсэн цуурхалд итгэн, 2008 оноос “Ми ми” гэх бодисыг хэрэглэж эхэлжээ. Энэхүү бодис нь донтуулах чанартай бөгөөд тогтмол хэрэглэсэн тохиолдолд 3-5 жилийн дотор хүний таван цул эрхтэнд хуримтлагдан тэдгээрийг хүчтэй хордуулж, эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг гэдгийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас мэдээлж байна.
Энэ хэрэглээг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхай хүртэлх зам дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэр гуанз, буудлуудад уг бодисыг худалдах явдал тархсан ба сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад энэ төрлийн бодисыг зарж борлуулсан, хэрэглэсэн үйлдэл бүртгэгдэж эхэлсэн.
“Ми ми” гэх нэршилтэй бодистой тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар энэ төрлийн бодистой холбоотой 11 үйлдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлж анхан шатны шүүхээр 5 хэрэг шийдвэрлээд байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораториор хийлгэсэн 2015.07.22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Ми ми” гэх бодист Caffeine агуулагдахаас гадна “Fenetylline”, “Penteylline” зэрэг бодис агуулагдаж байгааг илрүүлсэн байна. Энэ дүгнэлтээр тогтоогдсон “Fenetylline бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтад орсон бодис юм.
Иймд 2017.07.01-ний өдрөөс мөрдөгдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 20.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, шинэчлэн найруулагдаж байгаа Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2, 4.1, 11 дэх хэсэгт… “эм, эмийн түүхий эд” гэж нэмж оруулах санал, танилцуулгыг ХЗДХЯ-д хүргүүлснээр Эрүүгийн хуулийн 20.14.2-т Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол дөрвөн мянга зургаан зуун далан нэгжээс хорин дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хуульчлагдсан нь Мими гэх бодисын хууль бус эргэлтийг хязгаарлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн бодисын тархац, хууль бус хэрэглээ, борлуулалтыг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн болон хууль хяналтын бусад байгууллагатай хамтарсан хяналт, шалгалтыг явуулж байгаа аж.
“Caffeine Sodium Benzoate” буюу “Ми Ми” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-ын иргэд гэрийн нөхцөлд гарган авч хэрэглэдэг юм байна.