Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж байгаа талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Өнөөдөр манай улсад жилд 4,500 гаруй хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж буйг судалгаагаар тогтоожээ.
Мөн 21-ээс дээш насны нэг иргэнд жилд ногдох цэвэр архины хэмжээ 12 литр, нийт согтууруулах ундааны хэмжээ 54 литр байгаа нь ДЭМБ-аас тогтоосон түвшнээс өндөр байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар өндөр хатуулагтай архи, согтууруулах ундаанд ногдуулж буй онцгой албан татварыг нэмэх эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас онцоллоо.
Өнөөдрийн шатлалаар 0-25% хатуулагтай согтууруулах ундаанд 3,480 төгрөг, 25-40% хатуулагтай архи, согтууруулах ундаанд 6,960 төгрөг, 40%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаанд 15,660 төгрөгийн татвар ногдуулж байна. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжсэнээр 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Тодруулбал, хоёр хувь буурсан эхний жилд 36%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 6,960 төгрөгөөс 15,660 төгрөг болж нэмэгдэх юм.
Улмаар жил бүр хоёр хувиар бууруулж, 10 жилийн дараа 18%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаа өндөр татвартай ангилалд шилжсэн байх юм. Харин архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах болон архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулахаар тусгажээ.
5 comments
архиныхаа амтанд анхаараач.Муухай амттай байван ихтэй хятад спиртээр үйлдвэрлэхийг нь хоригло.
Амттай байвал уух албагүй ээ
Үйлдвэрүүдээ цөөрүүлж, архины амт найрлагад анхаарах хэрэгтэй шүү. Янз бүрийн юмаар эсгэсэн хор үйлдвэрлээд байгаа үйлдвэрүүдийг хаагаач! Архины градус бууруулна гэдэг чинь 200 гр уугаад боллоо гэдэг нөхөд чинь 400 гр-ыг ууж байж хойшоо болно гэсэн үг шүү.
Хатуулгыг бууруулах бүрт донтуулагчийг нь нэмж аль болох ихээр борлуулахыг зорх бх даа, энэ талыг нь бодолцсон л байлгүй дээ
Үйлдвэрээ багасан 1-2 байхад болно биздээ үйлдвэр их байх тусам архин элбэг байна архины чанарииг багасахад сайн шүү зөв шиидэвэр байна