Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “2022 оныг Улаанбаатар хотыг “Иргэн төвтэй хот” болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд саяхан нийгмийн чиглэлийн стандартуудыг боловсруулан НИТХ-аар батлуулаад байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 671 цэцэрлэгт 104,701 хүүхэд хамрагдаж, 77,471 багш хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. 2016-2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжаар 117 цэцэрлэг, 92 сургууль, 21 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон.
Ингэснээр 15,805 хүүхдийг цэцэрлэгт хамрах боломжоор хангасан. Энэ жил нийслэлийн төсвөөр зургаан сургууль, есөн цэцэрлэг, есөн цогцолбор барьж байгуулна. Бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Гэсэн хэдий ч нийгмийн дэд бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгжүүдийг онцгойлон анхаарч дэмжинэ” гэлээ.