АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРМИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ БОЛСОН ШАЛТГААН, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Аливаа улс төрийн намд дотоод ардчилал бий болгохын тулд юуны түрүүнд намын эрх зүйн орчин тодорхой бөгөөд боловсронгуй, гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагатай.
Нөгөөтэйгүүр улс төрийн нам дотоод үйл ажиллагаандаа хууль, дүрмээ хэрхэн баримталж байна вэ? гэдэг асуудал маш чухал.
Ардчилсан намд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалд хууль болон намын Үндсэн дүрэм нөлөөлсөн гэхээсээ илүүтэй хувь хүмүүсийн хувийн эрх ашгийн төлөөх ухамсарт суурилсан үйл ажиллагааны сөрөг үр дагавар гэж дүгнэх нь зүйд нийцэх байх.
Гэвч цаг үетэйгээ, эрх зүйн орчинтойгоо нийцүүлэн намын Үндсэн дүрмийг тогтмол шинэчилж байх нь Ардчилсан намын цаашдын хөгжил, төлөвшилд чухал ач холбогдолтой.
Ардчилсан намын үндсэн дүрэмтэй холбоотой түүхийг сөхвөл 2000.12.06-ны өдөр Ардчиллын төлөө намуудын нэгдэх Их хурлын 02 дугаар тогтоолоор Ардчилсан намын үндсэн дүрмийг баталж, УДШ-ийн 2000.12.26-ны өдрийн 07-р тогтоолоор бүртгэсэн билээ.
Энэ цагаас хойш нийт 6 удаа Ардчилсан намын Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүх бүртгэсэн нь УДШ-ийн цахим мэдээллийн санд байдаг.
Хамгийн сүүлд буюу 2021 онд үндсэн дүрмийн хэд хэдэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулан АН-ын ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцүүлэн баталж, бүртгүүлэхээр УДШ-д хүргүүлсэн боловч шүүхээс удаа дараа бүртгэхээс татгалзаж буцаасан ба гол үндэслэл нь “…намын Их хурлаараа хэлэлцүүлэн батлаагүй байна…” гэсэн агуулгатай байв.
Мөн УИХ-ын хаврын чуулганаар Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж батлуулахаар бэлтгэж, уг хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг хийж эхлүүлж байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Ардчилсан намын Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг та бүхэнтэй хамтран хэлэлцэн баталж, УДШ-д хүргүүлэхээр бид төлөвлөсөн бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтийн талаарх үзэл баримтлал, танилцуулгыг та бүхэнд танилцуулж байгаа юм.
Дээрх өөрчлөлтүүдийг хийхэд дараах хэд хэдэн зарчмын асуудалд бид анхаарлаа хандуулах шааардлагатай гэж үзэж байна. Тухайлбал:
- Ардчилсан нам нь хууль, дүрмээ дээдэлдэг, биелүүлдэг байх ёстой.
Эрх зүйн орчин, хууль, дүрэм тодорхой, гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байснаар биелэгдэх магадлал өндөр, түүнийг дагаад намын үйл ажиллагаа, зохион байгуулалт сайн, сахилга, хариуцлагын тогтолцоо хүчтэй, гишүүд, дэмжигчидийн зүгээс намд итгэх итгэл өндөр байх болно.
Энэ ч утгаараа Ардчилсан нам бол хуулийг дээдэлсэн, дүрмээ биелүүлдэг, дотоод ардчиллыг хөгжүүлсэн, сайн засаглалтай нам болж төлөвшинө.
Дүрмийн зарим заалт нь биелэгдэх магадлал багатай, гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц нөлөөлөлгүй байгаа зэргийг харгалзан зарим өөрчлөлтүүдийг оруулсан.
- Ардчилсан нам нь цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэгддэг, өөрчлөгддөг байх ёстой.
Эрх зүйн орчин өдрөөс өдөрт боловсронгуй болж байгаа энэ цаг үед намын Үндсэн дүрэм нь тэрхүү шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа холбогдох бусад хууль тогтоомжуудтай нийцсэн байх зайлшгүй шаардлагатай.
Нөгөөтэйгүүр одоогийн үйлчилж байгаа Үндсэн дүрэмд хууль зүйн шаардлага хангахгүй үг үсэг, утга агуулга нилээдгүй байгааг ч засах шаардлагатай болсон.
Тиймээс Үндсэн дүрмийн зарим заалтуудад үг үсэг, утга агуулга, хэлзүйн болон бусад өөрчлөлт найруулгыг холбогдох бусад хууль, тогтоомжуудтай нийцүүлэн хийсэн болно.
- Ардчилсан нам зөв зохион байгуулалттай нам байх ёстой.
Зөв зохион байгуулалтыг хийхийн тулд бид өнгөрсөн алдаандаа дүгнэлт хийж, ирээдүйд хийх ажилтайгаа уялдуулах ёстой бөгөөд шалтгаан нөхцлийг тогтоосны үндсэнд эрх зүйн орчноосоо эхлэн зохион байгуулалтыг хийх шаардлагатай.
Тиймээс Үндсэн дүрэмд зарчмын шинжтэй гол хоёр өөрчлөлтийг оруулсан ба ҮБХ, УТЗ-ийн ажиллах журмыг ҮБХ-оор хэлэлцүүлэн баталдаг жишгийг тогтоож байгаа юм.
Цаашилбал ҮБХ, УТЗ-ийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулж батлуулахдаа ҮБХ-г Монгол улсын Их хурлын, УТЗ-ийг Засгийн газрын түвшинд ажиллахуйц байдлаар эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхөөр төлөвлөж байна.
- Ардчилсан намд хариуцлагын тогтолцоо нь хамгийн шударга бөгөөд тэгш үйлчилдэг байх ёстой.
Болж өнгөрсөн Монгол улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон аймаг, нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуулиудад АН оролцож ялалт авч, ялагдал хүлээж олсон туршлага, амссан зовлон бэрхшээлүүдээс дүгнэхэд ялалт байгуулахдаа ч ялагдал хүлээхдээ ч хариуцлагын тогтолцоогоо төгс боловсронгуй болгож чадаагүй, хариуцлагыг тухай бүрт нь эрх тэгш, шударгаар хүлээлгэж, хүлээж яваагүйн улмаас олон алдаа гаргасан.
Бүтэн 4 жил улс төрөө хийж, хамаг байдаг бүхнээ намын ажилдаа зориулсан ч эцэст нь өөрөөс нь үл шалтгаалах шалтгаанаар ялагдал хүлээсэн тохиолдол маш их гарч, Үндсэн дүрмийн дагуу үл маргах журмаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа нь гашуун үнэн бөгөөд энэ нь хариуцлага эрх тэгш үйлчлэхгүй байгаагийн тод жишээ болж байна.
Тиймээс бид цаашид сонгуулийн үр дүнгээр тооцох хариуцлагыг дүрмийн дагуу шууд үүрүүлэхээсээ илүү хамтын зарчмаар хэлэлцэж, ҮБХ-оор цаашид итгэл үзүүлэх эсэхийг шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих зайлшгүй шаадрлагатай болоод байна.
Энэ нь хэн нэгэнд үйлчлэх гэхээсээ илүү Ардчилсан намын цаашдын хөгжил төлөвшилд чухал ач холбогдолтой эрх зүйн асуудал гэдгийг та бүхэн ойлгоно гэдэгт итгэж байна.
- Ардчилсан нам гишүүдээ дэмждэг, гишүүдийнхээ төлөө үйлчилдэг нам байх ёстой.
Намын гишүүдээ дэмжихдээ хөрөнгө мөнгө, санхүү гэхээсээ илүүтэй бид дүрмээрээ, бодлогоороо дэмждэг байх нь эхний алхам.
Тиймээс ч гишүүдийнхээ идэвхи оролцоог хангах замаар дэмжиж, үйл ажиллагааг нь идэвжүүлж байх талаар дүрмийн өөрчлөлтийг тусгахад анхаарлдаа хандуулан ажилласан.
Тухайлбал: УТЗ-д ажиллах гишүүн нь хариуцан ажиллах салбарынхаа чиглэлийг өөрөө сонгож санал болгох ба томилогдсон тохиолдолд тухайн үеийн Засгийн газрын салбарын яамны бүхий л үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, бодлого шийдвэрт нь үнэлэлт дүгнэлт хийж, шүүмжилж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэн ажиллах шаардлагатай болно.
Харин АН засгийн эрхийг авсан тохиолдолд тухайн улс төрийн зөвлөлийн гишүүн нь хариуцан ажиллаж байсан салбарынхаа яамны сайдаар томилогдох бүрэн эрх нь нээлттэй болох юм.
Ийм жишиг тогтолцоог бид Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан тусгайлсан журмаар зохицуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь аймаг, нийслэл, дүүрэг, сум гээд намын бүхий л түвшинд ижил тэнцвэртэй үйлчилж байхаар төлөвлөж байгаа юм.
Эцэст нь дүгнэхэд: аливаа улс төрийн нам оршин тогтнох, хөгжих, боловсронгуй болоход хууль, дүрэм чухал байр суурийг эзлэх бөгөөд Ардчилсан намд сайн засаглалыг хөгжүүлэн төлөвшүүлэхэд оруулж байгаа Та бидний үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатайг ухамсарлан, намын Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй сайтар танилцаж, саналаа өгч, дэмжиж оролцоно гэдэгт итгэж байна.
АРДЧИЛСАН НАМ