Монгол Улсын Гадаад харилцааны яам, Канад Улсын Гадаад хэрэг, олон улсын худалдаа, олон улсын хөгжлийн яам хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, канадын талаас Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп нар тэргүүлэв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, хоёр улс харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын дагуу өргөжин хөгжиж байгааг харилцан нотоллоо.
Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, байгаль орчин, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж бололцооны талаар ярилцав. Мөн НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, олон улсад өрнөж буй цаг үеийн болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2023 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо.