“Агуу перестройкийн” хоёр дахь шатны онцлогуудын тухай шинжээч Владимир Прохвалитов www.fondsk.ru-д бичсэн нийтлэлийг орчуулан хөрвүүлэн хүргэж байна.
…Даллас хотын Холбооны нөөцийн банкны шинжээч Лутц Киллиан, Майк Планте нар Оросын эсрэг хориг арга хэмжээний дайн үргэлжилж, Оросын эрчим хүчний нөөцийг хааж байгаа нь дэлхийн эдийн засгийг маш хүнд уналтад оруулах аюул заналхийлж байна гэжээ. Тэд дэлхийн эдийн засгийн уналт, цаашлаад инфляцийн өсөлт зайлшгүй гэж үзэж байна.
Барууны олон шинжээч энэхүү сүйрлээс хэрхэн амьд гарах талаар марзагнасан, хошин маягийн зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Тухайлбал, долоо хоногт гурван удаа гэрээсээ ажиллах, албан томилолтоор явахгүй байх, онгоцоор биш шөнийн галт тэргээр зорчих, нийтийн тээврээр зорчих, хувийн автомашинаас татгалзахыг Олон улсын эрчим хүчний агентлагаас зөвлөсөн байна. Эрчим хүчний зардлыг бууруулахын тулд дулаан ба халуун усны температурыг багасгах, хоёр цамц давхарлаж өмсөхийг ч зөвлөжээ. Нью-Йорк сургуулийн профессор Тереза Гиллардуччи америкчуудад амьтны хоол хүнс, тэжээлдээ хэмнэлт гаргахыг, мөн малын эмч рүү бага очихыг зөвлөж байна.
Эдгээр зөвлөмж нь анх сонсоход инээдтэй. Гэхдээ бодитой. Тэд бүгд Клаус Швабын “агуу перестройка”- тай нийцэж байгаа нь сонирхолтой. Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Жо Байден америкчуудад хандан “Хүнсний хомсдолын хувьд энэ нь бодитой нүүрлэх болно.Эдгээр хориг арга хэмжээний үнэ цэнэ нь зөвхөн Орост төдийгүй асар олон улс оронд нөлөөлнө” гэж хэлсэн. Жо Байдены засаг захиргаа АНУ-д газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэх бодолгүй байна. Шатахууны үнэ дээд цэгтээ хүрээд байна. Удахгүй инфляц хоёр оронтой тоонд хүрнэ. “Ардчилсан намынхан хямралын бурууг хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд тохохын тулд чадах бүхнээ хийж байна. Жен Псакигаас эхлээд Ардчилсан намынхан та бидний бүх зовлонгийн шалтгаан байхыг хүсэхгүй байна. Хэнийг буруутгах вэ. За яахав, В.Путиныг буруутан болгочихъё” гэж “Detroit.7 days” сонин бичжээ.
Одоо АНУ-ын эрх баригчид хямралд нэрвэгдсэн бүх хүнд 100 ам.доллар тараахыг санал болгож байна.
Их Британид ч мөн адил зүйл болж байна. “Их Британид хоол хүнс, тоглоом зэрэг өргөн хүрээний барааны үнэ өсөж, эрчим хүч, түлшний үнэ өссөн зэрэгт ард иргэд нэрвэгдлээ” гэж “The Guardian” мэдээлэв. Лейборист Рэйчел Ривз “Наад зах нь 30 жилийн хугацаан дахь амьжиргааны түвшний хамгийн муу хязгаарлалт”-ын тухай яригдаж байна гэжээ. 23.4 сая хүний (Их Британийн хүн амын 34 хувь) орлого нь амьжиргааны доод түвшиндээ хүрэхгүй байна. Британичууд ирэх дөрөвдүгээр сард эрчим хүчнийхээ үнийг нэмэхээр болсон. “Quilter Investors”-ийн шинжээч Пол Крэйг Их Британийн инфляци “аймшигтай” байна гэв. Их Британид амьдардаг хүмүүсийн хувьд амьдралаа залгуулах нь улам бүр хэцүү болж байна. Зарим айл өдөрт хоёр цаг л халаалтаа асааж, бусад үед гар чийдэн ашиглаж байна.
Британичууд хамгийн хүнд байдалд бэлтгэж байх хооронд “Францын засгийн газар хүнсний хямралыг даван туулахын тулд тус улсад хүнсний карт нэвтрүүлэх гэж байна” гэж ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэв. Баян чинээлэг барууны хувьд энэ бол урьд өмнө байгаагүй зүйл юм. Э.Макрон “Хүнсний хямрал зайлшгүй болно” гэж үзэж байна. Францад нэг сарын дотор улаан буудайн үнэ 40 хувь, мах, наранцэцгийн тос, сүү, зөгийн бал 50 хувиар өссөн байна.
Эдийн засгийн байдал муудаж байгаа энэ үед францчууд ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхохоо больсон гэж Парисын Геополитикийн академийн судлаач Алеся Милорадович “Холбооны сүлжээ” компанид өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрбээр “Le Figaro” сэтгүүлийн санал асуулгаар францчуудын бараг 60 хувь нь “Тус улсад үргэлжилж буй ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сонирхохгүй байна” гэв. Сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болно.
Үүний зэрэгцээ Францад шатахууны үнийн өсөлтөөс болж тариачид, загасчид, тээвэрчид, барилгын ажилчид, таксины жолооч нарын эсэргүүцэл нэмэгдсээр байна. Британи болон Вендегийн өмнөд хэсгийн загасчид Нантад жагсаал зохион байгуулж, төрийн далбааг шатаав. Зарим загасчин далайд гарахаа больсон.Нормандын загасчид Гавр боомт болон газрын тос боловсруулах үйлдвэрийн гүүрийг хаажээ.
Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Deutschlandfunk” радиод хэлэхдээ “Засгийн газар Оросын хийг орлох түлш олохын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэв. “Хэрэв бид ирэх өвөл илүү их хий авахгүй бол, эсвэл Оросоос хий нийлүүлэхээ зогсоовол бүх байшингаа халааж, үйлдвэрээ бүхэлд нь ажиллуулж чадахгүй” гэж тэрбээр хэллээ. Мэдээж хангалттай биш. Р.Хабек үүнээс “зайлсхийж чадна” гэж найдаж байгаа.
“Дойче” банкны тэргүүн Кристиан Швинг Оросын “Хойд урсгал-1” хийн хоолойд шинэ хориг арга хэмжээ авахгүй байхыг уриалж, энэ нь Германд үнийг мэдэгдэхүйц өсгөхөд хүргэнэ гэв. Хөдөө аж ахуйн сайд Жем Оздемир мөн германчуудыг мах бага идэхийг уриалсан.
“Цар тахал”, “ногоон эрчим хүчний шилжилтийн” домог, дараа нь дэлхийд өлсгөлөнгийн айдас түгээсэн Оросын эсрэг хориг арга хэмжээ, эдгээрийг эхлүүлсэн улсуудад эхлээд цохилт өгч байна.
З.Батцэцэг