Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ийн талаар Эрчим хүчний яамны сайд Н.Тавинбэх Барилга, угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон талаар танилцуулсан. Харин энэ талаар Ховд аймгаас нэр дэвшиж УИХ-ийн гишүүн болсон С.Бямбацогт өөрийн цахим хуудсанаа ийнхүү мэдээлжээ.
С.Бямбацогт: Нөлөөллийн бүсэд амьдарч буй айл өрх, иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж нөхөн олговор олгож байгаа. Тэгвэл тус нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, биет бус соёл, биет бус нөлөөллийг мөн үнэлэх шийдвэрийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар гаргахаар боллоо.
Өнгөрсөн аравдугаар сард станц баригдах нөлөөллийн бүсэд амьдарч буй 270 өрхийн 1250 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзаж нөхөн олговрыг нэмэгдүүлэх, биет бус соёлын өвийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Төрж өссөн нутаг, амьдран суугаа газар шороо, өв соёлоо хамгаалж буй иргэдийн хүсэлтийг хүлээн авч Засгийн газар шийдвэрлэх гэж буйд баяртай байна аа.
Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мвт байгаа. Тэгвэл одоо байгаа хэрэглээнээс 3 дахин их хүчин чадалтай 90 мвт-ын, баруун бүсийг ногоон эрчим хүчээр зуун зуун жил хангах “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтын ажил удахгүй эхлэх нээ.