Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хэлэлцсэн, нээлттэй сонсгол Төрийн ордонд болж, өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг энэ үеэр дараах мэдэгдлийг хийв:
-Би 20 жил бизнес хийсэн. Манай компанид 1000 орчим залуу ажилладаг юм байна. Би хоёр жил гүтгүүллээ. Манай эгчийн компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Эгчийн компанид 300 хүн, туслан гүйцэтгэгч нартайгаа нийлүүлбэл 1000 орчим хүн ажилладаг. Экспортын зориулалтын зээл авсан юм билээ. Гэтэл бүх боомтыг хаасан тул экспортоо хийж чадаагүй. Сүүлийн 13 сар сул зогссон. Хөгжлийн банкны хүүг төлсөөр ирсэн. Ажилчдынхаа цалинг 60 хувиар олгож, зээлийн үндсэн төлбөрт 13 тэрбум, хүүнд 9.6 тэрбум төгрөг төлжээ. Одоо 20 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Сэтгүүлчид асуух, эргэлзэх эрхтэй. Би “Зариг”-ийн хүмүүсээр тэр видеог хийлгэсэн гэдгээ хэлье. Г.Амартүвшин, Г.Дамдинням нарын нэрийг өнөөдөр зарласан жагсаалтаас хасаарай Б.Баттөмөр гишүүнээ. Харин нэг хүн нэмэгдэх ёстой нь та өөрөө шүү. Та “Бэрэн” компанид 5 хувь эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар зээл авах шийдвэр гардаг. Тэгэхээр та “Бэрэн”-г эээл авах талаар сайн мэдэх ёстой.
Манай эгч зээл авахад би УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөө ч үгүй байсан үе шүү. Тэр үед би бизнесээ хийж байсан. Би бүх сэтгүүлчид энэ талаар хариулт өгч, хуулийнханд бүхнийг эхнээс нь яриад өгөх боломжтой. 2016 онд сонгуульд нэрээ дэвшүүлэхэд ч намайг шалгасан. Дараа нь би намын дарга нарт миний хамаарал бүхий хүн Хөгжлийн банкнаас зээлтэй гэдгийг ч хэлж байв гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр түүний хэлснийг үгүйсгэн, би “Бэрэн”-тэй ямар ч холбоогүй, би хоёр компанийн л хувьцаа эзэмшдэгээ ХОМ-доо тайлагнасан гэв.