Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2022.03.29) “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Бага хуралд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи нар болон хуулийг хэлэлцүүлэн батлуулахад оролцсон салбар салбарын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд хурлын чиглүүлэгчээр нь Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр ажиллав.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монголын түүх, уламжлалд төр, нийгэм, гэр бүлийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг тэгш бус байсан хэдий ч эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлэшгүй их гэдгийг тодотгоод монголчууд тэртээх 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “… тус улсын харьяат иргэдэд угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр нэгэн адил эрхийг эдлүүлэх, хүн бүр чөлөөтэйгөөр үг хэлэх, хэвлэх, жагсах, хуралдах, эвлэлдэх, эрдэм боловсролыг үнэ төлбөргүйгээр олж авах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй 18 нас хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй” хэмээсэн нь хүний эрх, эрх чөлөөг цогц утгаар нь анх удаа хуульчилж, иргэдийн ардчилсан эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж, эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тунхагласан нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан шийдвэр байсныг онцолсон.
Мөн тэрбээр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжсэнээр жендэрийн талаарх олон нийтийн ойлголт нэмэгдсэн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо идэвхжсэн, бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдсэн зэрэг эерэг үр дүн байгаа ч тус хуулийн зорилго, зорилттой харьцуулахад хуулийн хэрэгжилт дундаас доогуур түвшинд үнэлэгдсэн байгааг тодотгохын зэрэгцээ 2011 оноос батлан хэрэгжүүлж байгаа тус хууль нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн гол зохицуулалт болж хэрэгжиж байгаа ч хуулийн давхардал хийдэл, зөрчлийг арилгах, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэн уялдааг хангах шаардлагатай. Тиймээс Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комиссоос хариуцан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2022 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасныг онцлон тэмдэглэсэн.
Улсын Их Хурлын найман удаагийн сонгуулиар нийт гишүүдийн 3.9-17.1 хувьд эмэгтэй гишүүд сонгогдож, сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын гишүүдийн 17.1 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт хэдий ч энэ нь дэлхийн дундаас доогуур түвшинд байгааг Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ дурдаад эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх зорилтын хүрээнд улс төрийн намууд идэвх гарган ажиллах, Улстөрийн намын тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх асуудлыг сайтар тусгаж өгөх нь зүйтэй гэв.
Дараа нь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн жендэрийн ялгаатай байдлын индексээр, Монгол Улс 0.716 оноогоор дэлхийн 159 орноос 69-д эрэмблэгдсэн нь өмнөх 2018 онтой харьцуулахад 10 байраар урагшилсан байна. Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 91.2 хувь нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байгаа нь эрэгтэйчүүдээсээ өндөр гэдгийг тодотгоод Монголын эдийн засаг, нийгмийн ихэнх салбарт эмэгтэйчүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч эдийн засгийн боломжууд, улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш бус байдал байсаар байгааг онцолж байлаа.
Монгол Улсын нийт хүн амын 50.85 хувийг эмэгтэйчүүд эзэлж, их, дээд сургуулийн боловсрол эзэмшсэн үзүүлэлтээрээ эрэгтэйчүүдээсээ өндөр байгаа ч ажиллах хүчний оролцооны түвшин (55.2 хувь) буюу эрэгтэйчүүдээс (67.5 хувь) доогуур төдийгүй эмэгтэйчүүд удирдах албан тушаалтны 37 хувийг эзэлж байна. Улсын Их Хурлын гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгааг дурдаад олон нийтийн дунд жендэрийн хэвшмэл ойлголт, нийгмийн сөрөг хэм хэмжээ, ялгаварлан гадуурхах хандлага, хортой маскулини сэтгэлгээ нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тулгарч байгаа бэрхшээл бөгөөд хуулийн хэрэгжилтийг удаашруулахад нөлөөлж байгаа хүчин зүйл гэдгийг онцолсон.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, НҮБ-ын Хүн амын сангаас уг хуулийг хэрэгжүүлэх, ЖСХ-ийн таслан зогсоох, залуучуудын хөгжил, бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудаарх Засгийн газрын хүчин чармайлт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг бүлгийнхэнд хүрч үйлчлэх үйлчилгээг дэмжсээр байх болно гэдгийг тэмдэглэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар үг хэлж, 2011 онд Монгол Улсын Их Хурлаас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэж, батлахад манлайлж ажилласан Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, Б.Мөнхтуяа нар Бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн энэ үеэр судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн “Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээний үр дүнгийн товч танилцуулга”, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, Б.Долгор “Алсын хараат, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд жендэрийн үзэл, аргыг нэвтрүүлэх шаардлага”, Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр “Жендэрийн талаарх судалгаа шинжилгээ, жендэр судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон ургальч байдлаар өргөн хүрээнд хөгжүүлж, үндэсний хэмжээнд түгээх нь”, жендэрийн зөвлөх О.Оюунцэцэг “Жендэрийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр олон улсын түвшин дэх Монгол Улсын санаачилга, хүчин чармайлт, түншлэл” сэдвээр тус тус танилцуулга, илтгэл тавилаа.
Танилцуулга, илтгэлтэй холбогдуулан онол практикийн бага хуралд оролцогчид санал хэлж байр сууриа илэрхийлсэн. Төлөөлөгчдийн зүгээс жендэрийн эрх тэгшийн асуудал төрийн бүх шатны байгууллагын шийдвэрт тусгасан талаарх жендэрийн үнэлгээ хийх, монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг төр, олон нийтийн статустай болгох төдийгүй эрэгтэйчүүдийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн сурах бичиг, цүнхний нийт жин найм хүртэл киллограмм байгаа нь жендэрийн асуудал гэдгийг тодотгож энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг Жендэрийн үндэсний хороо, хууль тогтоогчдоос хүсэхийн зэрэгцээ жендэрийн бодлогын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг тус тус илэрхийлсний дараа онол практикийн бага хурлыг хааж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.