Дмитрий Песков: ОХУ буяны байгууллага биш, төлбөр байхгүй бол хий байхгүй

2022-03-29 13:00
02

Их долоогийн орнууд шатахууны төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсанд Кремль хариу өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков PBS сувагт ярилцлага өгөхдөө  Европын холбоо Оросын хийн төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсанд хариу тайлбар хийжээ.

Кремль эрчим хүчний төлбөрөө Оросын мөнгөн тэмдэгтээр төлөхөөс татгалзсан тохиолдолд ямар арга хэмжээ авахаа хараахан шийдээгүй байгаа бөгөөд албан ёсны хариу ирсний дараа арга хэмжээ авах болно. Орос улс буяны байгууллага биш, Европт үнэ төлбөргүй хий нийлүүлэхгүй гэж Песков мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “Төлбөр байхгүй бол хий байхгүй” гэсэн байна.

Гуравдугаар сарын 28-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газар болон ОХУ-ын Төв банк, “Газпром” ХК-д “найрсаг бус улс орон”-уудтай хийж буй байгалийн хийн төлбөрийг гуравдугаар сарын 31-ний дотор рубльд шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болгоод байгаа.

Үүний дараа G7-ийн орнууд дотоодын компаниудыг хийн төлбөрийг рублийн дэвсгэртээр хийнэ гэсэн Оросын саналыг хүлээн авахгүй байхыг уриалаад байгаа. Энэ шийдвэрээ Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ-ын эрчим хүчний сайд нарын шуурхай хуралдааны үеэр тохиролцсон хэмээн мэдэгдээд байгаа юм.