Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өчигдөр (2022.03.27) осол гарчээ. Ослын талаар Зам, тээврийн хөгжлийн яам NEWS мэдээллийн сайтад тайлбарлахдаа “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд сэлгээний ажлын үед 33 хоосон чингэлгийг түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарч, хажуу тийш унажээ. Одоогоор хэргийн газар дээр цагдаа нар ажиллаж байна. Ослын талаарх дүгнэлт хараахан гараагүй байна” гэсэн байв.
Ослын талаар Зам тээвэр, хөгжлийн яам энэ талаар 12:30 цагт мэдээлэл хийлээ. Албаныхан:
-Гуравдугаар сарын 27-ны 19:40 минут орчимд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд нэг вагоны хоёр тэргэнцэр замаас гарсан тохиолдол гарлаа. Энэ бол аливаа нэгэн осол биш. Хэвлэлүүд осол гэж мэдээлж байна. Энэ бол гологдол гарсан, барилгын ажлын явцад гарсан зүйл.
Тухайн газар аж ахуйн ажил хийж байсан. Аж ахуйн ажил хийж, сэлгээний зүйл хийж байхад ийм явдал болсон. Газар дээр нь сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос шөнө Ажлын хэсэг гарсан. Хохирлын хэмжээг тогтоох боломжгүй. 14 хоногийн хугацаанд тодорхой болно.
Шалтгааныг комисс тогтооно. 7-14 хоногийн дараа гарна. Ямар зүйлээс асуудал үүссэн бэ гэдгийг тогтооно. Хөдөлмөр хамгаалалтай холбоотой асуудал бол байхгүй. Хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан тохиолдол 10 жилийн судалгаагаар гарч байсан.
Ашиглалтын түр горимд шилжүүлээд ажиллаж байсан. 3 сарын 25-нд Өмнөговийн Цогццэций сумаас анхны тээвэрлэлтийг явуулаад байсан.
Төмөр замын зөрчлийг гологдол, осол хоёр тусдаа. Осол бол олон хүний амь нас, эд хөрөнгө үрэгдсэн тохиолдлыг хэлдэг. Гологдол бол гардаг, үүнийг байнга шалгаж засаж байдаг гэв.