Умард Солонгос энэ сарын 27-нд дайн дууссаны ойн баярыг тохиолдуулан ээлжит пуужин харвахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.
Америкийн тагнуулынхан өнгөрсөн баасан гаригт Пхеньян пуужин харвахад шаардагдах тоног төхөөрөмжийг баруун хойд нутгийн Кусон хот руу тээвэрлэж байгааг илрүүлсэн байна. Өмнө нь яг ийм тохиолдлоор тус хотын ойролцоох пуужин хөөргөх талбайд цөмийн зэвсгийн туршилт хийжээ.
Техник зөөвөрлөснөөс хойш пуужин турших хүртэл ихэвчлэн зургаагаас ихгүй өдөр болдог гэнэ. Тус улсын төв телевиз энэ сарын 4-нд “Хвасон-14” тив алгасах баллистик пуужинг анх удаа амжилттай хөөргөсөн тухайгаа зарласан билээ. Энэ пуужингийн нислэгийн дээд өндөр нь 2802 км, тусгал нь 933 км байсан гэж Пхеньян мэдэгдэж байв.
Пхеньяаны туршсан пуужин нь тив алгасах ангилалд хамаарч байгаа гэж Америкийн засаг захиргааныхан үзэж байгаа юм.