Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдааны эхэнд хотын есөн төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцжээ.

Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний ээлжийн есөн бүлгийн 38 хотын стандартыг боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм.

Хотын стандартад нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтэц зэрэг багтжээ.

Тухайлбал, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн стандартыг баталснаар нийтийн эзэмшлийн 90 мянга гаруй гэрэлтүүлгээс ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлгийн  тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан иргэдэд осол гэмтэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, байнгын хяналт, үнэлгээ хийж, засвар үйлчилгээг тогтмол явуулж байх юм. Мөн худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг баталснаар 30,500 үйлчилгээний байгууллагын гадна орчин сайжрахыг тэрбээр хэлсэн юм.

Хотын стандартыг баталснаар ойрын хугацаанд буюу 1-2 жилд төсвийн зардлын хяналтын тогтолцоо сайжрах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, өмч, хөрөнгийн ашиглалт хамгаалалт дээшлэх аж. Харин урт хугацаандаа  үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжирна гэж үзэж байна.

Улмаар тогтоолын төслийг Төлөөлөгчдийн  олонх нь дэмжсэнээр нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг баталлаа.

“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт л гэхэд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагууд багтжээ. Энэ нь нийслэлийн хэмжээний 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356 байгууллага, төрийн 1,170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм.

Удаах бүлэг стандарт нь Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны стандарт юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18,664 байгууллагын гадна орчин болоод худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна хаяг, сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагын энд багтаажээ.

Бас нэгэн анхаарал татсан бүлэг стандарт бол Зорчигч тээврийн стандарт юм. Энэхүү бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ. Өнөөдөр Улаанбаатар хот 1,169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1,243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. 

Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага  гэхчлэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүхий л шаардлага багтсан байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан  “…Одоо хэрэгжилтийг хангах нь чухал. Энэхүү баримт бичгийн тулгын гурван чулуу нь хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах юм. Бид цаашлаад нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 90 гаруй стандартыг батална.

Мөн бид давхардуулсан олон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаад удаагүй байна. Харин өнөөдөр баталж байгаа стандартаар дахин нэг тусгай зөвшөөрөл бий болгох вий гэж санаа зовох хэрэггүй. Харин аливаа үйл ажиллагааны зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр буюу хялбаршуулсан аргаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч буй хэлбэр гэж ойлгож болно…” гэдгийг тайлбарласан юм.

Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн