Ази, номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгох” Инчеоны стратегийн хэрэгжилтийн тайланг боловсруулан хүргүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улс 2014 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд тулгардаг саадыг багасгах, оролцоог тэгш хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх 10 жилийн хугацаатай үйл ажиллагааны төлөвлөгөө болох Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгох” Инчеоны стратегийг хүлээн авсан.
Энэхүү Инчеоны стратегийн хэрэгжилтийн тайланг 2022 оны 04 дүгээр сард Ази, Номхон далайн бүсийн нийгэм, эдийн засгийн хороонд хүргүүлэх юм.
Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/24 тоот тушаалаар тайлан боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Уг ажлын хэсгийн ээлжит хурлыг 03 дугаар сарын 21-нд зохион байгууллаа. Хурлаар сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлийн салбарт гарсан ололт амжилт, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, статистик тоо баримт, судалгааны талаарх цуглуулж, нэгтгэсэн тайланг хэлэлцлээ.