АНУ-ын эрх баригчид Монголд био лаборатори байгуулах асуудлыг судалж байгаа тухай мэдээлэл нийтлэгджээ

АНУ-ын засаг захиргаа Монгол улсын нутаг дэвсгэрт био лаборатори байгуулахаар судлан ярилцаж байгаа тухай Оросын Известия сонин мэдээлжээ. Тус сонин АНУ-ын Батлан хамгаалах яам Монголд онц аюултай халдварын эмгэг төрүүлэгчдийн судалгаа хийх гэж байгаа тухай бичсэн Telegram сувгаас мэдээлэл авсан болохоо дурджээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн АНУ-ын Анагаах ухааны албаны эмнэлгийн хэлтэс (USAMD-AFRIMS) нь Улаанбаатарт байрлах Зоонозын халдвар судлалын үндэсний төвд онц аюултай эмгэг төрүүлэгчдийг судлах биолаборатори байгуулах гэж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа халдварын голомтыг тусгасан, өвчин тээгч сарьсан багваахай, хачиг, шумуул зэргийг харуулсан зураглал гаргахаар төлөвлөж байна. АНУ Монголыг бүс нутгийн эпидемиологийн хяналтын тогтолцооны нэг хэсэг болгох гэж байна.
АНУ-ын судалгааны ажлын хүрээнд ОХУ, БНХАУ-тай ойр оршдог Монгол Улсын оршин суугчдаас биологийн материал цуглуулах ажлыг зохион байгуулна. Энэхүү мэдээлэл нь АНУ-ын Зэвсэгт хүчний эрүүл мэндийн хяналтын хэлтэст шаардлагатай бөгөөд АНУ-ын цэргийнхний байлдааны ажиллагаанд оролцож болзошгүй газруудын био аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хэмээн тус мэдээнд дурджээ.
Түүгээр зогсохгүй Монголын вирус судлаач, микробиологичдод зориулсан сургалтыг Зүүн Европт буюу Гүрж, Украинд зохион байгуулах ёстой байсан. USAMD-AFRIMS нь эдгээр мужуудад оффисуудтай. Монгол Улсын нийслэлд байгуулах биолабораторийн төслийн “албан ёсны ивээн тэтгэгч” нь Азийн хөгжлийн банк байх магадлалтай талаар бичигджээ.
Эх сурвалж: ИЗВЕСТИЯ