Олон нийтийн сүлжээнд АНУ, ИБУИНВУ, Европын холбооны улсын иргэн мэт хуурамч хаяг нээсэн этгээдүүд Монголын ганц бие иргэдтэй танилцаж, дотносон их хэмжээний мөнгө залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нэмэгдэх болжээ.
Хуурамч хаягтай иргэд “Би удахгүй их хэмжээний хөрөнгө өвлөж авна, би өөрөө дайн тулаантай улсад амьдарч байгаа учраас танд эд хөрөнгөө өвлүүлэх хүсэлтэй байна, Каргогоор эд хөрөнгөө явууллаа, Та тээврийн зардлыг нь төлөөд ав”, “Маш бага хүүтэй, их хэмжээний зээлийг түргэн шуурхай хугацаанд гаргаж өгнө” зэрэг аргаар хуурч иргэдээс мөнгө залилах болсон аж.
Дээрх гадаад улсын иргэд нь Монгол улсын иргэдтэй Google Translate буюу цахим орчуулгын хэрэгсэл ашиглан харилцдаг бөгөөд мөнгийг нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүдийг ашиглан Филлипин, Индонез зэрэг Зүүн өмнөд азийн улсууд руу шилжүүлэн авч байгаа аж.
Иймд гадаад нэртэй, хуурамч хаягтай иргэдтэй танилцахгүй байж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна.