Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал хоёрдугаар сарын байдлаар 500 сая доллар даваад байгааг төв банк мэдээллээ.
Энэ нь манай улс экспортоос илүү импорттой, гадагшаа хийх төлбөр тооцоо нь орлогоосоо илүү байгаа гэсэн үг. Ийм үед валютын нөөц болон ханшид дарамт үүсдэгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлийнхэнд тайлбарлав.
Тэрбээр, “Энэ оны нэгдүгээр сард импорт 40 гаруй хувийн өсөлттэй байлаа. Мөнгөний бодлогын хороо 12 дугаар сард шийдвэр гаргах үед эдийн засаг сэргэхэд өсөлт их гарах магадлал байсан ч олон улсад өрнөөд буй хорио цэрийн арга хэмжээний улмаас сөрөг үзэгдлүүд бий боллоо. Манай улсын экспортын ихэнх бүтээгдэхүүний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа нь боломж юм. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр1 тонн зэс 10 мянга, нүүрс 400 ам.доллар даваад байна. Гэсэн ч 2021 оны 5 сараас урд хөрш цар тахлын хатуу арга хэмжээ авч, хилийн хязгаарлалт хийснээр манай экспорт багассан. 2018, 2019, 2020 онд жил бүр 32-35 сая тн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн онд 16 сая тн болсон. Эдгээрээс шалтгаалаад төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, ханшийн дарамттай байдал үүслээ. Төв банк тодорхой хугацааны дараа түүхий эдээ экспортлох боломж гарч, нөхцөл байдал тогтворжин орлого нь нөөцийг дэмжиж, ханш тогтворжуулна гэж төсөөлж байгаа”-г онцлов.
Монгол Улс өнгөрсөн онд түүхий эдээ экспортлон 8.5 тэрбум долларын орлого олсны 92 хувь нь зэс нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр, жонш зэрэг бүтээгдэхүүн байв. Он гарснаас хойш энэ орлого хэвийн хэмжээнээс доогуур байгаа аж. Эхний 2 сарын байдлаар гэхэд өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар багасжээ. Харин импорт энэ хугацаанд 20-30 хувар нэмэгдсэн байна. Нийт импортын 32 хувийг нь хүнс, бараа, автомашин гээлд хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг байна. Өнгөрсөн онд гэхэд 7,9 тэрбум долларын импорт хийжээ.
Манай улсын төлбөрийн тэнцэл 2021 онд 220 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын валютын нөөц 4.5 тэрбум доллар байсан бол энэ оны 1 сарын 1-нд 4.3 тэрбум ам.доллар байсныг төв банк мэдээллээ.