УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх/ төслийн хэлэлцээрийг хэлэлцэв.
Нийт 30 сая ам.долларын зээлийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бий болгох төсөлд зарцуулах бөгөөд хэрэгжих хугацаа нь 2021-2027 он хэмээн төслийн танилцуулгад дурджээ.
Уг төслийг Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэх аж. Үүнд:
- Булган аймгийн Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод, Сайхан
- Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Өгийннуур, Хашаат,
- Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Нарийнтээл, Тарагт, Хайрхандулаан,
- Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт, Жинс, Богд сумдууд хамрагдана.
Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:
- 11,600 малчныг хамарсан 466 бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 466 малчдын бүлгийг бий болгосноор бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжруулна,
- Малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна,
- 382 шинэ усны худаг барих, сэргээн засварлах,
- 466 ус ашиглах гэрээг байгуулж малын ундны усны хүртээмжийг сайжруулна,
- 466 малчдын бүлэгт зориулж 14 мянган хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулна,
- 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулах,
- Хадлан бэлтгэх, тэжээл хадгалах дэмжих замаар 466 малчдын бүлгийн малыг тэжээх,
- 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулах замаар 11,660 малчны эрүүл мэндийг сайжруулах,
- Хонь, ямааны 20 орчим цөм сүрэг байгуулах замаар малын үржлийг сайжруулах,
- Хурга бордох 20 тэжээлийн хэсэг байгуулах замаар малын эргэлтийг сайжруулах,
- Сумдад ноолуур ангилах 20 байгууламж байгуулам замаар ноолуурын маркетинг, борлуулалтыг сайжруулах зэрэг асуудлыг тусгажээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Өндөр өртөгтэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй байгаасай гэж бодож байна. Төслийн хүрээнд 14 мянган хашаа, хороог сайжруулна гэсэн байна. Үүнийг ямар үндэслэлээр тооцсон юм бол. Малын хашаа хороог 30 гаруй мянган ам.доллароор барих, сайжруулах хэрэг байна уу. Малчид өөрсдөө хэрэгцээндээ тааруулаад хийдэг ажлыг олон улсын санхүүжилтийн хөрөнгөөр хийх хэрэг байна уу гэдгийг тодруулмаар байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Энэ төслийг хэрэгжүүлэхдээ 2018 оноос эхлэн судалгаа хийж бэлчээрийн даац хэтэрсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 сумын сонгосон. Улсын хэмжээнд хамгийн их малтай 20 сум гэсэн үг. Санхүүжүүлэгч байгууллагын гурван жилийн хугацаанд судалгаа үнэлгээ хийсэн учир Азийн хөгжлийн банкны зээлийн дотоод бүтцийг өөрчлөх боломжгүй.
Малын 14 мянган хашаа хороог сайжруулна гэдэг нь өвөлжилтийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Түүнээс хашаа барьж өгөөд байх асуудал биш юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдад зориулж 14 мянган малын хашааг сайжруулна гэсэн байна. Сайжруулна гэдэг нь яана гэсэн үг вэ. Тодорхой хариулт өгөөч.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Малчдад мөнгөн дэмжлэг үзүүлнэ. 20 сумын бэлчээрийн нөөц газрыг шинээр байгуулна. Тэнд хашаа хороо шинээр барихад зориулж, сум орон нутагт нь дэмжлэг үзүүлнэ.
ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх: Аймаг орон нутагтай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно.
Ийнхүү зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжив. Уг санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна.