Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг анх 1992 онд дэвшүүлсэн байдаг. Үүний дагуу НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг хамгаалах зорилгоор “Дэлхийн усны өдөр”-ийг 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр дэлхий нийтэд уриалан зарлан тунхагласан.
НҮБ-аас гаргасан энэхүү уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Манай дэлхийн нийт усыг бүхэлд нь усан мандал гэдэг үүний 97,5 хувийг далай, тэнгисийн 2,5 хувийг хуурай газрын цэнгэг ус эзэлдэг. Эндээс үзвэл дэлхийн хүн ам цэнгэг усаа арвилан хэмнэж, хайрлан хамгаалах шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Монгол орны гол мөрөн Номхон далайн, Хойд мөсөн далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг ч ихэнхийг нь Хойд мөсөн далайн ай сав эзэлдэг. Тухайлбал, Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний ус Байгаль нуураар дамжин Хойд мөсөн далайд хүрдэг бол зүүн зүг урсах Онон, Хэрлэн гол, Номхон далайд усаа нийлүүлдэг байна. Харин Ховд, Буянт, Завхан зэрэг гол гадагш урсгалгүй ай савд багтдаг байна. Хэдийгээр манай орон олон гол мөрөнтэй ч үнэн хэрэгтээ усны нөөцөөр тийм ч баялаг биш.
Монголчууд эрт дээр үеэс усыг амьдралын эх булаг, чандмань эрдэнэ хэмээн дээдлэн хүндэтгэж ирсэн уламжлалтай. Иймээс чандмань эрдэнэ болсон усаа зүй зохистой хэрэглэж, хайрлан хамгаалахад хүн бүрийн оролцоо хамгаас чухал юм.
Эх дэлхийд амьдрал бэлэглэгч цэнхэр алт болсон усаа хайрлан хамгаалцгаая.
1 comment
Iluu goy olon olon guil hiigeeree
Gej husit