Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас шинэ төрлийн мансууруулах бодисын илэрсэн бүртгэлийг газар зүйн байршлаар нь харуулсан зургаар Монгол Улсын хувьд хамгийн олон шинэ төрлийн мансууруулах бодис илэрсэн ОХУ болон БНХАУ-ын дунд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.
Монгол улс дахь хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн эргэн тойрон дахь мэдээ мэдээлэл, хор уршиг, мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Дэлхийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хэрэглэдэг 15-64 насны 270 сая хэрэглэгч байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хэрэглэгч амь насаа алдаж байна. Тухайлбал: АНУ-д 2021 онд таван минут тутамд нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар:
Нийт гэмт хэргийн 55 хувийг 25-аас доош насны өсвөрийн хүүхэд, залуучууд эзэлж байгаа юм. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр Хар тамхитай тэмцэх газраас тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг гол ажил нь “-25” төсөл юм. Тус төслийн хүрээнд 25-аас доош насны өсвөрийн хүүхэд, залуучууд руу чиглэсэн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулан ажиллаж байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран суурь судалгааны ажлыг Монгол улсад анх удаа хийж байна. Судалгааны ажлаас ямар үр дүн гарах вэ гэхээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүүхдүүдийн хэрэглээд буй газ, шар цавууны талаар хүүхдүүдийн ойлголт ямар байгаа вэ, хэрэглээний тархалт ямар байна, хууль зүйн мэдлэг мэдээллийн талаар судалж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдснээс 91.1% нь эрэгтэй, 8.9% нь эмэгтэй байгаа бол нийт холбогдогчдын 92.2%-ийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. 25-аас доош насны хүүхдүүд хаана цагийг өнгөрөөж байна гэхээр гэр бүлийн орчин, сургуулийн орчин болон найз нөхдийн хүрээлэлд цагийг өнгөрөөж байна. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид байлгах талаар зөв мэдээ мэдээллийг өгөх нь хамгийн чухал байдаг. Хар тамхитай тэмцэх газраас орон нутаг, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтраад ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд эхний ээлжинд хорт зуршлын талаар мэдээлэл өгч, цааш нь үр хүүхдүүддээ зөвлөж, мэдээлэл өгч байна.
Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулсан байдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ золиосонд өнөөдөр төмөр торонд эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус байсаар байгаа нь харамсалтай.
Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын танхимын багш, Сэтгэл зүйч Х.Сайнсанаа:
Эцэг эхчүүдийн зүгээс бол эдгээр зүйлсийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол яахын аргагүй үлгэр дуурайлал болох. Судалгаанаас үзэхэд эцэг, эхчүүд архины хамааралтай бол тухайн гэр бүлийн хүүхдүүд ч мөн адил насанд хүрээд архины хамааралтай болох нь өндөр байдаг. Хүүхдүүд бол сонсож сурахаас илүүтэйгээр харж сурдаг. Тиймээс өөрсдөө эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг байх тохиолдолд хүүхдүүд ч гэсэн ямар нэгэн байдлаар ятгалаг гарч ирсэн бол үгүй гэж хэлэх тэр зоригийг нь өгч байдаг.
Өсвөр насны хүүхэд, залуучууд интернет, цахим сүлжээн дэх эх сурвалж тодорхойгүй, бодит бус, шинжлэх ухаан, судалгаа нотолгоонд үндэслэгдээгүй худал мэдээлэлд итгэх, найз нөхдийн ятгалгад автах, нэгнийгээ даган дуурайх, ганц удаа хэрэглэхэд “гайгүй байлгүй дээ” гэж хөнгөмсөгөөр хандах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байна.
Гэмт хэрэгтний ярианаас: 2015 оноос эхлээд найзуудтайгаа нийлж өөрийнхөө дураараа зангаасаа болж ийм байдалд хүрсэн. Эцсийн эцэст үүнээс болж нэг бол шоронд орно эсвэл амь насаа л алдана. Үүнийг бол ганц удаа юм чинь гээд л эхэлсэн гэхдээ нэгэнт л эхэлсэн бол хэзээ ч зогсоох боломжгүй байдаг гэдгийг ойлгосон.
Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг нүдэнд үл үзэгдэнэ. Бүх эрхтэнд үхжил үүсгэж, үхжил дахин хэзээ ч сэргэхгүй. Тархинд гэмтэл үүсгэж, оюуны чадамжийг алдагдуулж, дотор эрхтнийг өвчлүүлж, хатууруулдаг байна. Насан туршдаа дотор эрхтний болон тархины үйл ажиллагааны дутагдалтай амьдарч сэтгэцэд маш ихээр нөлөөлдөг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл:
Хүн болгон донтолтын талаар мэдлэг муутай байдаг. Хүссэн үедээ л гарчихдаг гэж боддог. Гэтэл эмгэг өвчтэй болчихсон, гарч болдоггүй. Сүүлдээ яаж ч чадахгүй болоод үүнийхээ эрхэнд орж амьдарч байгаад хорвоогийн мөнх бусыг үздэг аюултай бодис байдаг.
Мөн эцэг эх, асран хамгаалагч нарын мансууруулах бодисын талаарх мэдлэг, мэдээлэлгүй байдал, хайхрамжгүй зан, үр хүүхэддээ тавьж байгаа хараа хяналт, хүүхэдтэйгээ харилцаж байгаа хандлага зэргээс шалтгаалан хүүхэд, залуучууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй болох эрсдлийг бий болгож байгаа юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа:
Хүүхдүүдийн донтолтод өртөж байгаа нас бол 13-14 нас байна гэж үзсэн байдаг. Хүүхдүүдийн өсвөр насандаа эхэлж байгаа донтолтын суурь нь гэр бүлийн орчин, бага насны хүмүүжлээс маш их хамааралтай байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа аливаа донтолтын асуудлыг шийдэхийн тулд эцэг эхчүүдийн хувьд өв тэгш гэр бүлийг бий болгох хэрэгтэй. Өв тэгш гэдэг нь гэр бүл салахгүй байх, гэр бүлийн дотоод уур амьсгал төлөв төвшин байх, гэр бүлийн дунд ямар нэгэн хүчирхийлэлгүй байх нь чухал. Ийм орчныг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хүүхдүүд ямар нэг хэлбэрээр зан үйлийн өөрчлөлтөд өртсөн байдаг. Дараагийн нийгмийн том орчин бол сургуулийн орчин. Хэрвээ хэвийн зөв, өв тэгш хүмүүжилтэй байх юм бол гэр бүлийн орчноос, сургуулийн орчинд шилжихэд маш амархан дасан зохицдог. Хэрвээ гэр бүлийн өв тэгш бус хүмүүжилтэй байвал сургуулийн орчинд дасан зохицоход маш төвөгтэй. Хүүхдийг бид хүүхэд байхад нь л засна. Насанд хүрсэн хойно нь засах боломжгүй байдаг юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдал ихтэй нэгэн болгож, өөрийгөө нийгмээс тусгаарлаж, амьдралын үнэ цэнэ, утга учир, аз жаргалын мэдрэмжийг алдагдуулж, бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх сэтгэлийг үгүй хийж, мансууруулах бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүргэдэг.
Гэмт хэрэгтний ярианаас…Ганц удаа л үзчихье гэж бодоод сонирхож хэрэглэсэн. Түүнээс биш үүнийг хэрэглээд байя, би хар тамхичин болно гэж огт бодож байгаагүй. Зүгээр л сонирхол. Хүмүүс яриад л байдаг болохоор энэ нь яг ямар байдаг юм бол гээд л сонирхоод үзчихсэн гэвч сүүлд нь үр дагаварыг нь мэдэрч байна. Би хэзээ ч хар тамхичин болчихно гэж бодоогүй, бодож энэ зүйлийг хэрэглээгүй.
Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулиудаар энэ төрлийн гэмт хэргийг зохицуулдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 1-20 жил эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэдэг.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар:
Хар тамхи, мансууруулх бодисоос урьдчилан сэргийлэх ажлын хамгийн чухал нь эх сурвалжтай зөв, үнэн бодитой мэдээллийг авах хэрэгтэй. Цахим орчин хөгжсөн энэ цаг үед мэдээллийг нягталж, энэ бодис яг ямар хортой юм, хэрэглэснээр миний биед ямар хор уршигтай талаар, цаашлаад хууль зүйн ямар үр дагавар гарах талаар мэддэг байх зүйтэй. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд багш, нийгмийн ажилтан заавал мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Энэ асуудлыг ерөөсөө нууж болохгүй. Тухайлбал: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 1800-2000 тусгай дугаар 24 цагаар ажиллаж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар дээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхээ сайн дураараа шалгуулахаар ирж болно. Ирсэн тохиолдолд бид мэргэжлийн байгууллагад хаана хандах, холбон зуучлах ажлуудыг хийх болно.
Хар тамхинд эхний удаа гэж байдгаас ганц удаа гэж байдаггүй. Энэ аюулт тахлаар нэг л удаа тоглосон бол тэр зүйл таны эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаар чинь бүр мөсөн тоглох болно гэдгийг ухаардаггүй нь харамсалтай.
Бидний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүс хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтож, эрүүл мэнд, амь насаараа хохирч, амьдралаа алдахаас өмнө анхаарал халамжаа сайжруулж, түүний хор уршгийг таниулан сурталчилж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье. Хар тамхи хэнийг ч ялгахгүй.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад хөрөнгө завших гэмт хэрэг 130 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 52 нэгжээр буюу 66.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаяр:
Сүүлийн үед цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-т заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг бүртгэгдэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд хэд хэдэн зүйлсийг сануулах шаардлагатай байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, аж ахуй нэгж байгууллага ажилтан авахдаа тухайн иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эд хөрөнгө, бараа материал хүлээлгэн өгсөн баримт үйлддэггүй, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлдэггүй, тооллого явуулдаггүйтэй холбоотой тухайн гэмт хэрэг нотлогдохгүй байгаа юм. Тийм учраас хувиараа бизнес эрхэлж буй иргэд ажилтан авахдаа хувийн байдлыг сайн шалгах, санхүүгийн анхан шатны баримтаа бүртгэх, тооллогоо хийх, ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулснаар тухайн гэмт хэрэг тодорхой хэмжээнд нотлогдох цаашлаад гэм буруутай этгээдэд хуулий дагуу хариуцлага хүлээлгэх, хохирсон эрхийг тань сэргээх бүрэн боломжтой юм.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших
1. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1 comment
Мөрийтэй тоглоом, архи, хар тамхи гурваас буцах зам байхгүй шүү, залуучуудаа,энэ гурваас хол яваарай