Төрийн дээд одон, медалиар шагнагдсан Казах иргэдийн төлөөлөлд Шадар сайд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ
Казах түмний Хаврын баяр-Наурызыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Энэ үеэр Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж, амьдарч буй казах иргэдийн дундаас дахин нэг Гавьяат цолтон төрсөн бөгөөд төрийн дээд одон, медаль хүртсэн иргэдийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар Уурхайчдын бага сургуульд 38 жил ажилласан, Налайх дүүргийн Ахмад багш нарын холбооны тэргүүлэгч Халийдолдойн Ризагулийг Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнасан бол Налайх дүүргийн 5 дугаар цэцэрлэгт 24 жил багшаар ажилласан Хулжайн Упейг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.
Түүнчлэн Налайхын Дулааны станцад туслах машиннистаас эхлэн 31 жил ажилласан Кибекейн Кулзип Алтангадас одонгоор, Монголын Мусальманы нийгэмлэгийн Мекке сүмийн тэргүүн Харсан Жанарбек Хөдөлмөрийн хүндэт медалиар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, жолооч-холбоочин Мөтөөлийн Болот Цэргийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Налайх дүүргийн маань хөдөлмөрч бүтээлч Казах түмний төлөөлөл өнөөдөр өндөр төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнуулсанд баяртай байна. Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье” хэмээв.