Сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын ажиллагсад болон сэтгүүлчид, контент үйлдвэрлэгчдэд хөгжлийн бэрхшээл, тэгш байдлын талаарх суурь ойлголтыг өгч, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой төрөл бүрийн контентийг бэлтгэхдээ хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй, хүүхдийн эрхийг хамгаалсан, нийгэмд эерэг хандлагыг түгээсэн агуулга бүхий мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх ур чадварыг олгох зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх чиглэлээр контент бэлтгэх, мэдээлэл сурталчилгааны материалуудыг боловсруулахдаа анхаарах зүйлс, агуулга, зураг, дүрсийг бэлтгэхэд баримтлах зарчмууд, мэдээллийн цахим нягталгаа, сонирхолтой ойлгомжтой хэлбэрээр мэдээллийг түгээх арга зэрэг сэдвийн хүрээнд оролцоог хангасан байдлаар сургалтыг зохион байгуулав.
Сургалтыг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд аливаа төрлийн сурталчилгааны контентийг бүтээхэд хүний эрх, ёс зүй, жендэрийн мэдрэмж болон шаардагдах арга техникийн дагуу тодорхой сэдэв, агуулгыг бэлтгэн олон нийтэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Сургалтад ХНХЯ, АХБ-наас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдлэг, хандлагыг өөрчлөх стратегийг хэрэгжүүлэх нөлөөллийн ажлын гүйцэтгэгчид, зарим төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцууллаа.