Судлаач Р.Болдтой ярилцсан ӨДРИЙН СОНИН-ны ярилцлагыг дамжуулан хүргэж байна.
– Орос, Украины дайн дэлхий нийтийг зовоосон асуудал болоод багагүй хугацаа өнгөрлөө. Геополитикийн дайн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ дайнд хэн хожих гээд байна вэ?
– Тийм ээ, энэ нь дэлхий нийтийг, түүний дотор биднийг ч зовоосон асуудал нэгэнт болж. Геопилитик, холын тэр дайн энэ тэр гэж том юм ярилгүй, харин Монголоо л ярья гэх нь бий.
Гэхдээ том асуудлынхаа уршгийг олж харахгүйгээр өөрсдийнхөө тухай ярих боломжгүй болж. Учир нь саяхан хүртэл тусгаарлагдмал байсан Монгол маань сайн, муу ч бас дэлхийн бүрэлдэхүүн хэсэг болж. Дайны үр нөлөө Алс дорнодод нэгэнт ирсэн байна.
Энэ дайнд ялагч гэж байхгүй нь тодорхой боллоо. Дайны хөлд үрэгдэгсдийн тоо л нэмэгдэж байна. Иймд дайны улмаас хэн ч хожихгүй.
– Украины хувьд Оростой дайтангуут НАТО тэдэнд тусална гэж буруу тооцоолсон нь тэдний алдаа гэж зарим судлаач хэлж байсан. Хоёр улсын Ерөнхийлөгч хэлэлцээрийн ширээний ард суусан боловч үр дүнд хүрээгүй. Ингэхэд дайны галыг хэн зогсоож чадах вэ?
– Украин НАТО-гийн гишүүн биш тул өөрт нь тусална гэж тооцоолсон гэж хэлэх нь гэнэн хэрэг болно. Гишүүн биш улсад НАТО туслах ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнийг Украин сайн мэдэж байгаа.
Харин Украин нь НАТО-г өөртөө тусал гэдэг шахалтыг үзүүлж байна. Ингэснээр Украины тактик нь НАТО, ОХУ-ыг сөргөлдүүлэхэд чиглэж байна. НАТО үүнээс зайлсхиймэгц, зэвсэг өгөхийг шаардсан. Хариуд нь НАТО биш, харин НАТО-гийн зарим гишүүн л хоёр талын харилцааны хүрээнд танк, онгоц эсэргүүцэх л буюу зөвхөн хориглон хамгаалах л зэвсэг өгч байна.
Гал зогсоох аливаа яриа хэлцээ ер нь цаг хожих л зорилготой байдаг. Орос, Украин хоёр харилцан буулт хийж дайны гал зогссон ч зөрчил, зөрөлдөөн нь дуусахгүй, харин ч гүнзгийрнэ. Хэдийгээр арга нь буруу боловч гол нь аюулгүй байдлаа хангуулах ОХУ-ын шаардлагыг тоомсорлохгүй байж болохгүй. Тэдгээрийн хооронд Азербайжан, Израиль зуучлахыг оролцсон. Одоо Турк зуучилж байна, гэхдээ эцсийн эцэст дайны галыг дайтагч талуудын хүсэл эрмэлзэл л зогсоож чадна.
– Дэлхийн том гүрнүүд Оросыг буруутгаж байгаа. Харин манай урд хөрш тун болгоомжтой, ажигласан байр суурьтай чимээгүй байна. Энэ нь юуг хэлээд байна вэ?
– Тийм ээ. БНХАУ-ын байр суурийг нэг ёсны “цаг агаар”-ын хэмжүүр шиг гэж хэлж болно. БНХАУ нь Украины эсрэг ОХУ-ын үйлдсэн түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд санал өгөхдөө түдгэлзсэн. Аэрофлотын нисэх онгоцны парк нь үндсэндээ Бойнг, Айрбасын нисэх онгоцууд, өрнөд хориг тавихдаа эдгээрийн сэлбэгийг нийлүүлэхийг зогсоосон. Гэтэл Хятадын иргэний агаарын тээврийн парк нь бас эдгээр онгоцоос бүрдэнэ.
Иймд өрнөдөөс авч буй сэлбэгээс нийлүүлэх, илүүчлэх Оросын хүсэлтийг Бээжин татгалзсан, түүгээр ч барахгүй БНХАУ нь Украины дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд байна. БНХАУ бол “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байдлаар аятайхан л зохицуулна. Ер нь НҮБ-ын дүрмийн хоёрдугаарт, аль нэг улс нь нөгөө улсын улс төрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг хүч хэрэглэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлэх тул ийм үйлдлийг хориглосон байдаг.
Энэхүү заалтыг үндэслэн дэлхийн улс орнууд уг дайнд хандаж байна. БНХАУ ч адил. Дүгнэлт бол маш энгийн, бид хоёуланд нь л туслах ёстой. Хоригт орсон Орост боломжтой байж болох экспортоо нэмэгдүүлэх, дайны хөлд үрэгдэж байгаа Украины энгийн иргэдэд хүмүүнлэгийн боломжтой тусламж өгөх хэрэгтэй.
– Орос эдийн засгийн хоригт орчихлоо. Америк, Европын брэндүүд гэрээгээ цуцлаад Оросоос гараад явчихлаа. Ер нь энэ хориг урт хугацаанд үргэлжилбэл Орос орон хэр тэсэж чадах вэ?
– Умард хөрш маань 2014 оноос тавигдсан хоригийг харин ч “дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж” гэж хүлээж авсан. Харамсалтай нь зарим юм хийгдсэн ч импорт нь сүртэй их багассангүй. Орос эдийн засгаа хоёр жилийн дотор хэвийн байдалд оруулсан боловч газрын тос, байгалийн хийн экспортыг шүтсэн хэвээр үлдсэн. Дотоодын үйлдвэрлэлийг сэргээх нь нэг хоёр жилийн асуудал биш байна. Гэхдээ Орос өөрөө хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болсон, дангаараа бүгдийг хийж хэзээ ч чадахгүй.
Гадаад бодлогод хамаарах аливаа асуудлаар төрийн төлөөлөл нэг л байр суурийг илэрхийлж байх “нэг цонхны бодлого” гэж манайд бий
Харин 2022 оны хоригийг Оросын тал “өөрийнх нь эсрэг эдийн засгийн дайн” гэж нэрлэлээ. Бараг зургаан мянган нэр төрлийн хориг нэлээд эмзэг тусаж байх шиг байна. Энэ байтугай хоригийг давсан, асуудалгүй гэсэн тайвшруулах мэдэгдэл хийж л байна.
Гол нь энгийн иргэд дээр хориг хэрхэн тусахаас их зүйл шалтгаална. Мэдээж хориг тавьсан, тавиулсан аль аль нь хохирно, ялгаа нь Орос л илүү хохирол амсана. ОХУ нь сүүлийн хорин жилд хүрсэн түвшин, олсон амжилтаа дайны улмаас баллачих шиг боллоо гэдэг үнэлэлт давамгайлж байна.
Москвагийн хөрөнгийн бирж хаагдаад cap боллоо, дахин хэзээ ч нээгдэхгүй биз. Дайны гал зогсоно. Орос маань дайнаар Украины “дэглэм” гэгчийг солих зорилго тавьсан. Ямар нэгэн байдлаар энэ зорилгоо хангуулах болов уу. Дайны дараа Оросын хувь хүмүүст тавьсан өрнөдийн хориг сулрах биз. Харин эдийн засгийн хориг нь улам бүр улс төрийн зорилготой болж, Оросын “дэглэмийг” солино гэдэгтэй чиглэх байх.
– Дайны үр нөлөө Азийг яаж хамрах вэ?
– Азийн дийлэнх орнууд Оросын түрэмгийллийг буруушаасан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолыг дэмжсэнээр байр сууриа хязгаарлаж байна. Харин өрнөдийн бүрэлдэхүүн гэдгээ харуулах үүднээс Өмнөд Солонгос, Япон, Сингапур. Австрали. Шинэ Зеланд Оросын эсрэг хоригт нэгдсэн. Харин хэтдээ өрнөдийн дэмжлэгийг авах үүднээс Тайвань хоригт нэгдэж. Эдгээр нь Орост нийлүүлдэг хагас дамжуулагчийн чухал эх үүсвэр гэдгийг санах хэрэгтэй. Орост ч банк санхүүгийн төвөө Сибирьт төвлөрүүлье, “Дорныг онилсон” чиг бодлогоо одоо л эхэлье гэдэг дуу хоолой улам сонсогдох болж байна. Тэгвэл сайнсан.
БНХАУ-ын худалдааны эхний түнш нь АНУ, харин ОХУ-ынх бол Европын холбоо. Тэдгээр нь манай гуравдагч хөршүүд. Олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс салгагдах тохиолдолд өөр хоорондоо төлбөр хийж байх олон улсын төлбөр тооцооны систем байгуулах саналыг Оросын зүгээс өмнө нь БНХАУ, Энэтхэгт тавьж байсан. Харин Энэтхэг хариу өгөөгүй.
Иймд хөршүүд маань тус тусдаа олон улсын төлбөр тооцооны үндэсний систем бий болгосон. Гэвч энэ нь бидэнд ямар ч нэмэр болохгүй. Ерөнхийдөө Ази. Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа хэрэв өрнөд саад хийхгүй бол идэвхэжнэ. Гэхдээ Азичууд хүлээзнэх байдалтай байна.
– Дайн хэзээ нэгэн цагт дуусах нь тодорхой. Тэр цагт дэлхийн дэг журам яаж өөрчлөгдөх бол?
– Дайныг эхлүүлсэн улс нь өөрийгөө дэлхий нийтээс тусгаарлах замд оруулах шиг боллоо. Энэ нь мэдээж манай хоёр хөршийг улам ойртуулна. Энэ ойртолт дотор бид өөрөө хүсээгүй ч гэсэн давхар тусгаарлагдах сөрөг үр дагавар ирж болзошгүй. Жишээлбэл, ОХУ нь эмийн хэрэгцээнийхээ 30-аас илүү хувийг л дотоодын үйлдвэрлэлээр хангадаг, бусдыг импортоор хангадаг.
Харин бид эмийн хэрэгцээнийхээ бараг 30-аас илүү хувийг умард хөршөөсөө авдаг гээд л бод доо. Дэлхийн дэг журам олон асуудалтай хэвээр үлдэнэ. НАТО өргөждөгөөрөө өргөжнө, дайны улмаас үүсэх шинэ хил хязгаарыг улс орнууд зөвшөөрөхгүй. Москвагийн зүгээс сэтгэл хөдлөлөөр хийсэн зарим мэдэгдлүүдийг хэн ч мартахгүй, итгэлцэл хөрнө. Зэвсэглэлд зарах хөрөнгө улам нэмэгдэнэ. Гол нь бид чинь нээлттэй улс л юм бол зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлагдах ёсгүй байлгүй дээ. Тийм л нээлттэй олон улсын дэг журам бидэнд хэрэгтэй шүү дээ.
– Манай улсын хувьд төвийг баримталсан бодлоготой орон. Дээрээс нь дайтаж байгаа орнуудтай найрсаг харилцаатай. Гэтэл манай иргэд, улс төрийн нам, иргэний байгууллагууд аль нэг улсынх нь талд орж, байр сууриа их илэрхийлэх юм. Энэ нь манай улсын хувьд ямар нэг хор нөлөөтэй юм биш байгаа гэсэн болгоомж бас байх шиг байна?
– Монгол нь эвсэлд үл нэгдэх, нээлттэй, олон тулгууртай байх дэлхийн бүхий л улстай найрсаг харилцах зарчимд үндэслэсэн гадаад бодлоготой, харин төвийг байнга сахих бодлоготой улс биш. Бид бол зөвхөн хоёр хөршийн хоорондын маргаанд үүрд төвийг сахина гэсэн чиг зарчимтай. Энэ бол сургамжаасаа хийсэн дүгнэлт. Үүний зэрэгцээ Европын энэхүү дайн шиг асуудлаар манай төр, засаг ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй, шаардлага ч байхгүй. Энэ бол тухайн асуудлаар л хэмжигдэх байр суурь. Үүнийг төвийг сахих гэж хэлээд байх шиг байгаа юм.
Роснефть, Эрээний хооронд амьдрахаас өөр аргагүй гэдэг загварчилсан хүлцэнгүй сэтгэлгээ бидэнд шингэжээ. Үүнийг эвдэх хэрэгтэй
Гадаад бодлогод хамаарах аливаа асуудлаар төрийн төлөөлөл нэг л байр суурийг илэрхийлж байх “нэг цонхны бодлого” гэж манайд бий. Гэхдээ энэ бол зөвхөн төрийн гадаад бодлого, төрийн байгууллагуудад л хамаарна. Үүнийг хавтгайруулж болохгүй. Гадаад бодлогын албан ёсны байр сууринаас өөр байр суурийг иргэд. төрийн бус байгууллагууд илэрхийлэх нь чөлөөтэй.
Үүнд хортой юм ер байхгүй. Судлаачид бол энэ үйл явдлыг бүр тал галаас нь хянаж бүр ч идэвхтэй үзэл бодлоо хэлж, сургамж, үр дагаврыг гаргаж байх ёстой. Энэ нь сэтгэл зүйн хэт нэг талыг баримталсан мэдээллээс зайлсхийх боломж өгнө. Энэ бол ердийн л байдаг зүйл. Монголчуудын хувьд гадны хэн нэгний талд зогсох биш, харин дотроо л улам эв нэгдэлтэй байх нь чухал.
– В.Путин Украин руу дайрахдаа түүх ярьсан. Тэгж яривал “В.И.Лениний байгуулсан улс” гэж мэдэгдсэн. Хөрш орон руугаа эзлэн түрэмгийлэхдээ ингэж түүх ярьж, дэлхийд буруу чиг хандлага тогтоох гэлээ хэмээн шинжээчид Оросыг шүүмжилж байсан. Харин хоёр их гүрний дунд байгаа манай улсын хувьд хэзээ нэгэн цагт аль нэгийнх нь харьяанд очих юм байна гэсэн айдас дайнтай зэрэгцээд нийгмийг түгшээгээд авсан. Учир мэдэх зарим хүн Монгол бол геополитикийн хувьд таатай байрлалд байгаа гэж тайлбарлаж байгаа харагдсан. Энэ тал дээр та өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
– Аливаа асуудал өчигдөр, өнөөдөр. маргаашаас бүрдэнэ. Аль нэгийг нь хаявал буруу зүгт залуурагдана. Өмнөх түүхээ эш үндэс болгох нь өнөөдөр үнэмшилтэй байж болох боловч энэ нь маргаашийг тэр болгон бүтээж чадахгүй. Роснефть, Эрээний хооронд амьдрахаас өөр аргагүй гэдэг загварчилсан хүлцэнгүй сэтгэлгээ бидэнд шингэжээ. Үүнийг эвдэх хэрэгтэй.
Д.Нацагдоржийн захиснаар “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирэх” бодлогоо мартаж болохгүй, хослуулах хэрэгтэй. Зохиолчийн хэлснээр “Эхнэрээсээ өөр хүн таньдаггүй, зэлнээсээ цааш гарч үзээгүй” хуучин хүү дандаа баймааргүй байгаа биз дээ. Иймд Монгол бол геополитикийн хувьд хамгийн таатай байрлалд байна гэдэг нь харьцангуй ойлголт. Үүнтэй би хувьдаа санал ер нийлдэггүй.
Эсрэгээрээ харин ч эдийн засаг, харилцаа холбоо, олон улсын зам тээвэр. аялал жуулчлалын хувьд хамгийн таагүй байрлалтай. Оросын жуулчид далайд очихын тулд, харин Хятадын жуулчид брэндийн бараа, мөрийтэй тоглоомд мөнгөө зардаг. Аль аль нь манайд байхгүй. Үнэхээр таатай байрлалд байна уу, эсвэл үгүй юү гэдэг нь тун удахгүй, хавраас мэдэгдэнэ дээ.
3 comments
Зөв ярьж байна, эр Болд гуай. Иргэд ТББ -ууд юу ч гэж хуцаж болноо.
Баяр, Энхсайхан хүртэл омогшоод, Монголчууд бүгд хөөрөөд хоёр хэсэг болж аваад алалцах нь холгүй байна шүү дээ, бидний дайн бишээ, бид дотороо шудрага ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэж, амьдралаа сайжруулахын төлөө тэмцэмээр байна
Хүний гаргасан санаагаар бүх юм явагдаг гэж бодохгүй байна Цаг хугацаа нөхцөл шалтгаан мөнх бусын дор бүх юм байгалийн хуулиар явагдах болов уу