Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулж УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан.
Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10.9.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл хийх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавих шаардлагыг тодорхойлох, аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох болон мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журмуудын төслийг тус тус боловсруулж, олон нийтээс санал авахаар байршуулсан.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэх ажлын хэсэг, хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл буюу Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл зэрэг байгууллагуудад дээрх журмын төслүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр ФАТФ, Ази, Номхон Далайн Мөнгө Угаахтай Тэмцэх Байгууллага /АНДМУТБ/ эрх бүхий байгууллагуудын шаардлага, хууль тогтоомжийн уялдаа холбоо, үнийн манипуляц, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлуудыг хөндөж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үр дүнтэй хяналтын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр санал солилцож ажиллав.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо