Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 101 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10:00 цагаас цэргийн дээд цол, 11:30 цагаас Төрийн дээд цол, одон, медаль гардуулах гэж байна.
Монгол цэргийн өдөр
Монголын анхны төрт улс Хүннүгийн үеэс буюу 2220 гаруй жилийн тэртээгээс алдар суугаа мандуулж, түүхээ түүчээлж ирсэн Монгол цэргийн өдөр, Ардын хувьсгалын галыг цахиж, харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан Зэвсэгт хүчний 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.
Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.
Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
2003 оноос гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна.