Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт өргөтгөл барихаар боллоо. Энэхүү төсөлд олгогдох төсвийн дээд хязгаар нь 806 сая орчим төгрөг байна.
Дээрх төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 579 дахь, Архангай аймагт хэрэгжих 20 дэх төсөл болж байгаа юм.
Мөн буцалтгүй тусламжийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий Боловсролын 12-р сургуулийн дотуур байр болон сургуулийн барилгын засварын ажлыг гүйцэтгэнэ.
Энэ удаагийн төсөл нь Дархан-Уул аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байгаа бөгөөд төслийн санхүүжилтэд олгогдох төсвийн дээд хязгаар нь 615 сая төгрөг гэдгийг мэдээллээ.
Тус сургуулийн барилга нь удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч дулаан алдагдаж нийт 400 сурагч болон 54 багш ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд ихээхэн хэмжээний хүндрэл учруулж байсан.
Дээрх буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын ажлыг гүйцэтгэнэ. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилт олгогдох төсвийн дээд хязгаар нь 397,824,378 төгрөг юм.
Тухайн сургуулийн барилга нь удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудаж, цахилгааны масс үүсэхийн сацуу гаднах хүйтэн агаар, борооны ус нэвтэрч 2,365 сурагч болон 161 багш ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд ихээхэн хэмжээний хүндрэл учруулж байсан.