Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна.
“Хөл хорионы үед хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсанаас хүндээр өвдөх магадлал өндөр байна”
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр, Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий нар тус дүүргийн томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлыг танилцуулав.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр “Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэгт ачаалал өндөр байна. Ачааллыг тэнцүүлэх үүднээс Амбулаторийн үзлэгийг ахмадын эмнэлэгт хийж байгаа. Томуу, томуу төст өвчний халдвар бага насны хүүхдүүдэд их, тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хүндрэл их байна. Одоогийн байдлаар 291 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 нь нэг хүртэлх насны хүүхэд. Ихэвчлэн хатгаагаар хүндэрч байна. Сүүлийн хоёр жил хөл хорионоос шалтгаалан хүүхдийн биеийн эсэргүүцэл муу, хурдан хүндрэх магадлал их байна. Хаврын цагт тоосжилт, агаарын бохирдол их байдаг тул вирусээр үүсгэгдэн дархлаа суларч, улмаар бактерийн хатгаа болох хүндрэлүүд их байна” гэлээ.
Амьсгалын замын халдвар асар их байгаа энэ цаг үед эцэг эхчүүд гэртээ ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж, хүүхдийг шим тэжээлтэй хоолоор хооллож, дархлаа дэмжих, цэвэр агаарт гаргах гэх мэт энгийн амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал юм гэдгийг онцгойлон анхааруулж байна.
“Сувилагч хүрэлцэхгүй байна”
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш томуу, томуу төст өвчин эрс ихэссэнийг дурдаад, өвдсөн хүүхдүүд дунд хүндрэл илүү их байдаг тул халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэйг зөвлөлөө. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд бага сартай дүү нартаа томуу халдаах магадлал өндөр байгааг, хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолсон. Эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр ачаалалтай байгаагийн дээр сувилагчийн хүрэлцээ муу байгааг хэлж байлаа.
“Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд үзүүлж байна”
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж НЭМГ-аас хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэмэлтээр 780 ор дэлгээд байна. Дүүргийн эмнэлгүүдэд гээд өнөөдрийн байдлаар нийт 1740 ор дэлгэсэн. Одоогийн байдлаар 1650 хүүхэд эмчлүүлж байна. Нийслэлийн харьяа, дүүргийн эмнэлгүүдээс гадна ЭХЭМҮТ-д 500 ор дэлгэн, томуугаар өвдсөн хүүхдүүдийг хүлээн авч буй. Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд ирж байна. Зарим тохиолдолд 100 хүртэлх хүүхдийг хэвтэн эмчлүүлж байгааг хэлж байлаа.
Өндөр ачаалалтай үед хүний нөөцийн дутагдал үүсэж буй учир хүүхдийн төрөлжсөн мэргэжлээр сурч байгаа мэргэшигч /резидент/ эмч нарыг татан ажиллуулж эхэлсэн байна. Өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байна. Тухайлбал, өрх тосгоны эмнэлгүүд бямба гарагт 10:00-17:00 хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 8:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цагт ажиллаж буй юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР