Вьетнам улс гуравдугаар сарын 15-наас олон улсын аялал жуулчлалын хилээ нээлээ. Вьетнамын эрх баригчид Герман, Франц, Итали, Испани, Орос, Беларусь болон бусад 13 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай тогтоол гаргаснаа зарласан байна.
Эдгээр улсын иргэд паспортын төрөл, нэвтрэх зорилгоос үл хамааран тус улсад нэвтэрсэн өдрөөс хойш 15 хоног байж болох эрхтэй болж байгаа юм. Вьетнам руу визгүй зорчих шийдвэр 2022 оны 3-р сарын 15-наас 2025 оны 3-р сарын 14 хүртэл 3 жилийн хугацаатай гарч буй бөгөөд тус улсын баригчид виз сунгах журмыг хэлэлцэхэд бэлэн байгаа аж.
Үндэсний аялал жуулчлалын газар (VNAT) мөн олон улсын агаарын тээврийн бүх компаниудад давтамжийн хязгаарлалтгүйгээр, аялал жуулчлалын бүх зах зээлд нэвтрэх боломжтой гэдгийг Vietnam net мэдээлэв.
Гадаадаас ирэх жуулчид ирэхээсээ 72, 24 цагийн өмнө бүрэн вакцин хийлгэсэн тухай гэрчилгээ (Sputnik V) эсвэл COVID-19-ээс эдгэрсэн тухай гэрчилгээ, түүнчлэн PCR буюу түргэвчилсэн шинжилгээний хариуг тус тус үзүүлэх бөгөөд дор хаяж 10.000 ам.долларын коронавирусын эмчилгээ хийлгэх эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх юм байна.
Жуулчид зочид буудалд байрлахаасаа өмнө коронавирусын шинжилгээ өгөх бөгөөд нэг өдрийн турш өрөөндөө өөрийгөө тусгаарлах ёстой. Хэрэв сөрөг үр дүн гарвал тэд Вьетнамд чөлөөтэй аялаж болох гэнэ. Тус улсын Статистикийн төв газрын мэдээлснээр, 2022 оны эхний хоёр сард Вьетнамд 49.2 мянган гадаадын жуулчин ирсэн нь 2021 оны мөн үеийнхээс 71.7 хувиар их байгаа аж.
Эх сурвалж: INTERFAX