Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны 1 дүгээр сард 60.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.6 тэрбум төгрөг буюу 95.5 хувиар өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 23.8 (2.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Ковидын хөл хорионы үеэр орлого эрс буурч зарим газрууд нь хаалгаа барьсан бол хөл хорио цуцлагдсанаар эргэж сэргэж эхэлжээ. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийтдээ 8500 oрчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47% нь аймаг орон нутагт, 53% нь нийслэл хотод ажиллаж байна. Үүнээс ресторан 1570, кафе 400, баар 1331, түргэн хоолын газар 85, эмнэлэг сувиллын 544, сургуулийн 1600, дотуур байрны 283, цайны газар 2369 нийт 8467 гал тогоо бүхий хоолны газар тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.
Эдгээрээс 31% нь нийгмийн салбарт, 68% нь бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол, 3200 гаруй нь архи согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй байна. Салбарт нийт 40000 гаруй ажилтан ажилладаг. Хоолны газрын нийт суудлын тоо 600-650 мянга байна.