Business Insider-ийн шинжлэх ухааны сэтгүүлч Рафи Летцерийн “Мэргэжилтэн үү, Их мэдэгч үү?” хэмээх сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Мэргэжилтэн болон их мэдэгч хоёрын ганц ялгаа нь мэргэжлийн хүн тийм ч их зүйл мэддэггүйд оршино. Тийм ч учраас хэтэрхий олон зүйл мэддэг мэт аашилдаг, эсвэл өөрсдийгөө тэгж төсөөлдөг хүмүүсийг бид ИХ МЭДЭГЧ гэж нэрлэдэг.
Жишээлбэл шинжлэх ухааны талаар нийтлэл бичих гэж байна гэж төсөөл. Үүний тулд маш олон хүнтэй уулзах хэрэг гарна. Нэгээс нөгөө рүү дамжсаар их хэмжээний мэдээлэл цуглуулсан байх болно.
Жинхэнэ эрдэмтэд цөөн тооны тоо баримт, зарим нэг үр дүнг дурдаж, маш олон асуултад хариулж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Мэргэжилтнүүдийн хувьд харилцахад бага зэрэг төвөгтэй. Жишээлбэл мэдлэгийнхээ бараг оройд нь хүрсэн ч гэсэн тэд “Бидэнд олж мэдэж чадаагүй зүйлс олон байна” гэж даруухан загнана.
Тийм болохоор л тэд зөрүүд, өөрийгөө үл ойшоодог байх бөгөөд илүү товч, тодорхой ярьдаг. Нэгэн жишээ татахад гэртээ байж байгаад халдлагад өртсөн нэгэн эрдэмтэн цагдаа нарт сэжигтнийг зааж өгөх хэрэг гарчээ.
Тэрээр сэжигтнүүдээс нэгийг нь заагаад “Миний л мэдэхээр энэ хүн мөн байна” гэж хариулсан гэдэг. Түүнээс яагаад 100 хувь итгэлтэй байгаагүй болохыг нь асуухад “Би юунд ч бүрэн итгэлтэй байдаггүй” гэж хариулсан аж.
Энгийн хүмүүс хэзээ ч ингэж ярихгүй бөгөөд их мэдэгч нар бүр ч үгүй. Би долоо хоногт хэд хэдэн удаа цаг уурын өөрчлөлт гэдэг хуурамч мэдээлэл бүхий цахим шуудан авдаг. Тийм мэдээллүүд их хэмжээний шинжлэх ухааны тоо баримт тоочсон байхаас гадна шуудан бичсэн хүмүүс бараг л өөрсдөө бүгдийг нь олж нээсэн мэт өөртөө итгэлтэй байдал нь уншихгүй байх шалтгаан болдог юм.
Жинхэнэ эрдэмтэд хэзээ ч ийм байдлаар ярихгүй бөгөөд эсрэгээр нь тэд цөөн тооны тоо баримт, зарим нэг үр дүнг дурдаж, маш олон асуултад хариулж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Дахин нэг жишээ. Би археологич Шон Давнитай ярилцаж байв. Тэрээр шинэ чулуун зэвсгийн үед хамаарах Европын соёл иргэншил судалдаг бөгөөд тухайн үеийн нийгэм яагаад аз жаргалтай байсан талаар математик тооцоолол хийх аргыг бий болгосон нэгэн.
Гэвч нийтлэлээ бичихэд надад ийм тэмдэглэгдээгүй түүхийн үеийн соёл иргэншил бус илүү орчин үеийн мэдээлэл хэрэгтэй байлаа. Ингээд арай сүүл үеийн мэдээлэл байгаа эсэхийг асуухад тэрээр яг 16 секунд дуугүй бодож сууснаа “Магадгүй, байж болох юм, миний бодлоор ХХ зууны Англи улс аз жаргалтай нийгмийн жишээ байх” гэж хариулсан юм.
Чин үнэнийг хэлэхэд Давни өнөөдөр дэлхий дээр амьдарч буй хэнээс ч илүү мэргэшсэн нэгэн бөгөөд яг энэ сэдвээр түүртэлгүй ярих нэгэн. Тэрээр олон жилийн турш нийгэм яагаад нуран унадаг болохыг судалсан туршлагатай.
Гэвч түүний олон жилийн судалгаа болоод эрт үеийн мэдээллүүд бүрэн баримт болно гэж тэрээр үзэхгүй байна. Харин нөгөө талаас их мэдэгч нар бүх зүйлд өөрийн гэсэн үзэл бодолтой. Ямар ч асуулт асуусан бай үргэлж бэлэн хариулттай сууж байдаг.
Эцэст нь хэлэхэд би ч гэсэн мэргэжилтнүүдийг тодорхойлдог мэргэжилтэн биш учраас миний нийтлэлд өөртөө итгэлтэй, бахархалтай байгаа байдал олон харагдана. Гэхдээ би хэрэгтэй сэдэв гэж бичсэн учраас, таашаах эсэх нь таны асуудал юм.